Онцлох нийтлэл:"Хөтөлбөрийн үнэлгээг боловсронгуй болгоход"

Т.Төрбат –Хэл, соёлын сургуулийн захирал, доктор, профессор

Их, дээд сургууль, коллежийн лекторуудад зөвлөх долоон алтан дүрэм

‘Continuing Professional Development’ in A Handbook for Teaching and Learning in Higher Education

Кредит систем-сургалтын хөтөлбөр-сонголт

Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийг багш, доктор

Sunday, May 5, 2013

Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах зарим асуудал


Монгол улсын боловсролын тогтолцооны өнөөгийн сул дорой байдлыг эрдэмтэн  судлаач, багш сурган хүмүүжүүлэгчдээс эхлээд жирийн иргэд хүртэл маш ихээр шүүмжлэн, энэхүү боловсролын тогтолцооны гажиг байдлын бурууг гэр бүлийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгох  байгууллага гэх мэт бүхий л боловсролын салбараас эрж хайдаг бөгөөд нэн ялангуяа “эцсийн бүтээгдэхүүн” үйлдвэрлэж гаргадаг гэдэг утгаараа хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь их, дээд сургуулиуд болж хувирдаг. Өөрөөр хэлбэл тэрхүү “эцсийн бүтээгдэхүүн” болох мэргэжлийн диплом өвөртөлсөн  мэргэжилтэн маань ажил олгогчийн наад захын шаардлагыг хангаж чаддаггүй учир “дипломны гол” хэмээх нэрийг зүүн хоцордог нь нууц биш болжээ.
            Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн “нийгмийн хүн”  бэлтгэх үйл явцад дээр дурдсан боловсролын бүх салбарууд үүрэг хариуцлага адил хэмжээнд  хүлээх ёстой  бөгөөд эдгээр боловсролын байгууллагуудын сургалтын чанарын асуудлыг ярихад  юун түрүүнд сургалтын үйл явцыг удирдан зохион байгуулж  буй  багш, сурган хүмүүжүүлэгч нарын чанар чансааны асуудал заавал хөндөгдөх сэдэв мөн билээ.
Монгол улсын бүхий л түвшний боловсролын байгууллагад багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн мянга мянган багш нар  сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшилж буй багш нарын хувьд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, өөр хоорондоо туршлага солилцох, нээлттэй хичээл зохион байгуулах зэргээр сургалтын чанарыг дээшлүүлэх тал дээр байнга анхаарч байгаагийн зэрэгцээ өөрсдийн ажлын үр дүн, сургалтын арга барил, сургалтын чанар зэргээ тогтмол үнэлүүлж байдаг. Харин коллеж болон их, дээд сургуулиудын багш нарын хувьд сургалтын чанарын үнэлгээ хийгдэх асуудал тэнхим, салбар сургуулийн зүгээс багш нарын хичээлд суух, сургалтын мониторинг, хяналт хийх нэгжүүд оюутнуудын дунд  түүвэр судалгаа хийх зэргээр хязгаарлагдаж байна.
Их дээд сургуулийн багш нарын ажлын үр дүнг үнэлэх, тэдгээрийн сургалтын чанар болон сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих гол субьект нь оюутан байдаг. Өнөөгийн Монголын оюутнуудын нэлээд хувь нь ямар нэгэн мэргэжлийн диплом өвөртлөхийг л зорилгоо болгосноос бус өөрсдийн сурч боловсрох, өөртөө жинхэнэ утгаар оюуны хөрөнгө оруулалт хийн улмаар хэнд ч гологдохооргүй мэргэжилтэн болж бэлтгэгдэх тал дээр муу анхаарч байна. Үүнээс үүдэн багш нарт тавих шаардлага суларснаас  багш нар ч тэдгээр оюутнуудын шаардлагад нийцүүлэн өөрсдийн сургалтанд дутуу дулимаг хандах, сургалтын чанарыг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, оюутан шавь нараа сурган хүмүүжүүлэх, өөрсдийн үйл ажиллагаагаар зөв үлгэр жишээ үзүүлэх зэрэг асуудал ямар нэгэн байдлаар гээгдэж байна.
Ийнхүү үүсээд буй нөхцөл байдлаас гарах нэг арга зам бол оюутнууд сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, хичээлийн стандарт агуулга зэрэгт саналаа өгөх ялангуяа багш нарын сургалтын чанарыг шууд үнэлэх боломжоор хангагдаж улмаар энэ үйл явц нь тогтмол хийгддэг байх явдал юм.
Өнөөдөр SET[1] буюу “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ” нь АНУ болон барууны их, дээд сургуулиудын сургалтын үйл явцын  салшгүй нэгэн хэсэг нь болсон бөгөөд Монголын их дээд сургуулиуд ч энэ тал дээр сүүлийн үед  анхаарал хандуулах болж цаасан хэлбэрээр болон дотоод сүлжээг ашиглан оюутны судалгааг тогтмолжуулж эхэлсэн  байна. Тухайлбал МУИС өөрийн SISI программыг (ХИС-ийн UNIMIS програмтай адил дотоод сүлжээний програм) ашиглан хичээлийн улирал бүрийн 13, 14-дэх долоо хоногт багшийн сургалтын чанарыг үнэлэх үнэлгээний судалгааг оюутны дунд явуулдаг болжээ.
Дээр дурьдсан SET хэмээх оюутны үнэлгээний аргачлалыг анх 1920-оод оны үед АНУ-ын Пердью Их Сургуулийн эрдэмтэн, сэтгэл зүйч Хермэн Реммерс (Herman Remmers) өөрийн туслах нарын хамт боловсруулсан[2] бол 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үе гэхэд SET нь Хойд Америкийн ихэнх их дээд сургуулиудын сургалтын чанарын үнэлгээнд ашиглагдаж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар АНУ-ын коллеж, их дээд сургуулиудын 90 гаруй хувь нь сургалтын үнэлгээнд SET-ийг ашиглаж байна[3].  
Боловсролын чиглэлээр судалгаа хийдэг судлаачид өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд SET-ийн талаар 2000 орчим судалгааг хийсэн[4] бөгөөд багшийн үйл ажиллагааг үнэлэхэд  SET-ийг ашиглах нь үр дүнтэй бөгөөд найдвартай хэмээн боловсрол судлалын чиглэлээр судалгаа хийдэг нэлээд олон эрдэмтэд (Wachtel, H. K. (1998). Student evaluation of college teaching effectiveness: A brief review. Assessment and Evaluation in Higher Education, 23(2), 191-212.,  Koon, J., & Murray, H. G. (1995). Using multiple outcomes to validate student ratings of overall teacher effectiveness. Journal of Higher Education, 66, 61-81., Centra, J. A. (1993). Reflective faculty evaluation. San Francisco: Jossey-Bass.) судалгааны ажилдаа баталсан байдаг.

ERIC[5]  буюу Боловсролын Нөөцийн Мэдээллийн Төвийн системд бүртгэгдсэн 2000 гаруй судалгааны ажлаас  үзэхэд SET буюу “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ”-нээс илүү сургалтын чанарыг үнэлэх найдвартай  үнэлгээний арга хомс бөгөөд энэхүү судалгааны аргын давуу тал нь:      
а) найдвартай бөгөөд баталгаа сайтай,
б) бусад аргуудтай харьцуулахад үндэслэл сайтай,
в) үнэлгээний олон хэмжээс бүхий загварчлалтай,
г) багшийн ур чадварыг дээшлүүлэхэд ашиг тустай,
д) судалгааны үр дүнд нөлөөлж болох янз бүрийн оюутны зан төлөв, олон янзын багш болон хичээлийн  нөлөөг хамгийн бага түвшинд байлгаж болох боломжтой зэрэг болно”[6]
           
            Эндээс  үзэхэд сургалтын чанарыг үнэлэхэд оюутны оролцоо маш чухал бөгөөд нэг талаас энэ нь  багшийн ажлын үр дүнг удирдлагын зүгээс үнэлж дүгнэхэд  чухал үзүүлэлт болохын зэрэгцээ нөгөө талаас багш өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж улмаар сургалтын арга барилаа сайжруулахад бодитой тус нэмэр болж чадах юм.
            Үүний зэрэгцээ “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ”-г шүүмжлэх хандлага бүхий судлаачид ч (Monroe, C., & Borzi, M. G. (1989). “Methodological issues regarding student evaluation of teachers: A pilot study”. ACA Bulletin. Spencer, P. A. (1992). “Improving teacher evaluation.” Riverside, CA: Riverside Community College.)  байдаг бөгөөд тэдгээр судлаачид багшийн заах арга зүйг хэмжих нэгдсэн тодорхой хэмжээс байхгүй тул оюутны үнэлгээ нь бодитой болж чаддаггүй хэмээн үзжээ.
            Гэвч багшийн заах арга зүйгээс гадна багшийн үйл ажиллагааны үр дүнтэй байдал, багшийн өөрийн хувийн зан чанар зэргийг хэмжин тодорхойлж болох ба энэ талаар судлаачид нэлээд судалгааг хийж үр дүнд нь дараах үзүүлэлтүүдийг санал болгосон байна.
            Тухайлбал судлаач С.В.Шварц, К.П.Вайт, Г.Б.Стак нар судалгааныхаа ажилд сайн багшийг тодорхойлох үндсэн үзүүлэлтийг 1) ойлгомжтой сургалтын материал, 2) оюутнуудын зан төлөвийг тодорхойлсоны үндсэн дээр тэднийг удирдан зохион байгуулах ур  чадвар[7] хэмээн тодорхойлсон бол судлаач Ж.Ловмэн, В.А.Мати нар 1) оюуны сэрэл, 2) хүнийг ойлгох чадвар буюу оюутнуудтай харилцах ур чадвар[8] гэсэн хоёр үзүүлэлтийг онцолж, харин судлаач Ж.Патрик, Р.М.Смарт нар 1) оюутнуудыг хүндэтгэн үзэх (дорд үзэхгүй байх), 2) зохион байгуулах болон илтгэх ур чадварыг эзэмшсэн байх, 3) оюутнуудын сурах сэдлийг өдөөх чадварыг эзэмшсэн байх[9] гэсэн гурван гол хүчин зүйлийг чухалчилж үзсэн байна.
            Мэдээж хэрэг цөөн тооны асуултууд ба  онооны бага шатлалаас бүрдсэн оюутны сургалтыг үнэлэх үнэлгээний санал асуулгын хуудас буюу загвар нь багшийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн үнэлэхэд учир дутагдалтай байх тул санал асуулгын хуудас нь олон төрлийн асуултуудаас бүрдсэн байхын зэрэгцээ дотроо төрөлжсөн байвал оюутнуудад илүү ойлгомжтой, бөглөхөд нь дөхөм байх ба үнэлгээ бодитой байх болно.
Жишээ нь: АНУ-ын Мэний Их Сургуулийн санал асуулгын хуудас нь 1) багшийг үнэлэх хэсэг (13 асуулт бүхий), 2) Хичээлийг үнэлэх хэсэг (9 асуулт бүхий),  3) шалгалтын үйл явцыг үнэлэх хэсэг (7 асуулт бүхий) 4) оюутны саналаа бичих хэсэг гэсэн 4 хэсгээс бүрдэж байгаа бол АНУ-ын Дьюкийн Их Сургуулийн санал асуулгын хуудас нь 9 асуултаас бүрдэж байна.[10]
Мөн үүнээс гадна оюутны үнэлгээний шатлал нь дээрх сургуулиудынх 5-7 онооны системээр хэмжигдэж байгаа бөгөөд АНУ-ын их дээд сургуулиуд гол төлөв a) маш муу  b) муу  c) дунд  d) сайн  e) маш сайн f) онц гэсэн 6 шатлал бүхий үнэлгээг ашигладаг ажээ.

Мэний Их Сургуулийн санал асуулгын хуудас:
Ийнхүү АНУ-ын их дээд сургууль бүр өөр өөрсдийн сургалтын үйл явцыг үнэлэх оюутны үнэлгээний аргачлалтай байдгийн зэрэгцээ 1999 оноос оюутнуудын санаачлагатайгаар нээгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн RateMyProfessors.com (RMP)  веб сайт нь өнөөдрийн байдлаар  АНУ, Канад, Их Британид үйл ажиллагаа явуулдаг 8000 их дээд сургуулиудын 15 сая оюутан өөрсдийн 1,7 сая  багш, профессоруудыг үнэлэх боломжтойгоос  жилд ойролцоогоор 4 сая оюутан саналаа оруулдаг ба үр дүнд нь жил бүрийн топ 200 багшийг зэрэглэдэг  томоохон сайт болоод байна. Эндээс дүгнэхэд оюутнууд цаасан хэлбэрээр авдаг санал асуулгаас илүүтэй веб-хэлбэрийн санал асуулгад илүү их ач холбогдол өгдөг нь харагдаж байна.

Дүгнэлтийн оронд
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 2012-2013 оны хичээлийн жилийг “Сургалтын чанар”-ын жил болгон зарласантай холбогдуулан сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч байгаа бөгөөд энэхүү ажилд томоохон түлхэц болохуйц зүйл нь SET буюу “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ” хэмээн үзэж байна.
Энэхүү “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ”-ний системийг тогтмолжуулах, үүний тулд санал асуулгын хуудсанд багтах асуултын тоо, төрөлжилт ба агуулга мөн үнэлгээний шатлал зэргийг гадаад дотоодын бусад их дээд сургуулиудын туршлага болон боловсролын чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг судлаачдын зөвлөгөөн дээр үндэслэн нийтээр хэлэлцэн нэн даруй  боловсруулах,  улмаар санал асуулгад оролцох оюутны оролцоо нээлттэй, хараат бус, ямар нэгэн байдлаар багшийг гүтгэлгүйгээр үндэслэлтэй дүгнэдэг байхын тулд ХИС-ийн дотоод сүлжээ болох UNIMIS-ийг ашиглах, ингэснээр цаасаар авдаг судалгааг хөнгөвчилж санал асуулга тогтмол хийгдэх боломж бололцоо нь нээгдэх юм.
Энэ системийг нэвтрүүлсэнээр багш нарын ажлын үнэлгээ бодитой болохын зэрэгцээ багш өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх, цаашдаа заах арга, хичээлийн агуулга, багшлах ур чадвар зэргээ нэмэгдүүлэх бодит боломж бүрдэх бөгөөд улмаар энэ нь ХИС-ийн сургалтын чанарыг улам бүр сайжруулахад  таатай орчин бүрдүүлж чадна гэдэгт итгэж байна.

Ашигласан эх сурвалж:
- Centra, J. A. (1993). Reflective faculty evaluation. San Francisco: Jossey-Bass.
-Centra, J. A. (2003). Will teachers receive higher student evaluations by giving higher grades and less course work? Research in Higher Education,
- James E. Miller, Ph.D. “Student Evaluations of Teaching: Perceived Merits and Disadvantages, and Suggestions for Improving the Assessment Method” Harding University
- Karen A. Loveland, Texas A&M University - Corpus Christi. Student Evaluation of Teaching (SET) in Web-based Classes: Preliminary Findings and a Call for Further Research The Journal of Educators Online, Volume 4, Number 2, July 2007
-Lowman, J., & Mathie, V. A. (1993). What should graduate teaching assistants know about teaching? Teaching of Psychology
            -Monroe, C., & Borzi, M. G. (1989). “Methodological issues regarding student evaluation of teachers: A pilot study”. ACA Bulletin.
-Patrick, J., & Smart, R. M. (1998). An empirical evaluation of teacher effectiveness: The
emergence of three critical factors. Assessment and Evaluation in Higher Education, 23(2)
            - Swartz, C. W., White, K. P., Stuck, G. B. (1990). The factorial structure of the North Carolina Teacher Performance Appraisal Instrument. Educational and Psychological Measurement, 50(1)
- Theodore Coladarci & Irv Kornfield. “RateMyProfessors.com versus formal in-class student evaluations of teaching”.  Practical assessment, research and evaluation. A peer reviewed electronic journal. Volume 12.Number 6. May 2007.
            - http://www.isds.duke.edu


П.Мягмардорж. ОУХ-ны тэнхим





[1]Student evaluations of teaching
[2] Theodore Coladarci & Irv Kornfield.RateMyProfessors.com versus formal in-class student evaluations of teaching”.  Practical assessment, research and evaluation. A peer reviewed electronic journal. Volume 12.Number 6. May 2007.
[3] James E. Miller, Ph.D. “Student Evaluations of Teaching: Perceived Merits and Disadvantages, and Suggestions for Improving the Assessment Method” Harding University
[4] Karen A. Loveland, Texas A&M University - Corpus Christi. Student Evaluation of Teaching (SET) in Web-based Classes: Preliminary Findings and a Call for Further Research The Journal of Educators Online, Volume 4, Number 2, July 2007
[5] Education Resources Information Center
[6] Centra, J. A. (2003). Will teachers receive higher student evaluations by giving higher grades and less course work? Research in Higher Education, 44, pp. 495-496.

[7] Swartz, C. W., White, K. P., Stuck, G. B. (1990). The factorial structure of the North Carolina Teacher Performance Appraisal Instrument. Educational and Psychological Measurement, 50(1), p. 175.
[8] Lowman, J., & Mathie, V. A. (1993). What should graduate teaching assistants know
about teaching? Teaching of Psychology, 20(2),p. 84
[9] Patrick, J., & Smart, R. M. (1998). An empirical evaluation of teacher effectiveness: The
emergence of three critical factors. Assessment and Evaluation in Higher Education, 23(2), p. 165
[10] http://www.isds.duke.edu/~dalene/chance/chanceweb/153.johnson.pdf

Оюутнууд сургалтын чанарыг ахиулах талаар өөрсдийн саналыг нэмэрлэж байна


Юуны өмнө ХИС сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа чанарын шинэчлэл хийх алхмуудыг хийж байгаад оюутнуудын зүгээс талархаж буйгаа илэрхийлье.
Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц нэр хүндтэй оюунлаг залуусыг бэлтгэн гаргана гэдэг нь тухайн сургуулийн чанар хийгээд нэр хүндийн илэрхийлэл билээ. Мэдээж тухайн их дээд сургуулийн нэр хүнд ажлын байртай болоход их бага хэмжээгээр нөлөөлнө гэсэн бодол хүн бүрт байдаг.
Оюутнуудын мэдлэг, амжилт багш нарын ур чадвартай салшгүй холбоотой. Багш нарын зүгээс оюутнуудад дүн бус олж авах мэдлэг чухал гэдгийг ухамсарлуулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Мөн оюутнуудын “хүсэлд нь бус мэдлэгт” нь дүн тавих хэрэгтэй. Ингэснээр өндөр дүн бүхий дипломтой боловч ажлын байргүй төгсөгч бэлдэхээс сэргийлнэ. Төгсөгчдийн дүнд бус мэдлэгт анхаарал хандуулснаар зах зээл дээр “ХИС-ийн бүтээгдэхүүн”-ий эрэлт нэмэгдэх боломжтой.
Гэхдээ зөвхөн багш сайн бол оюутан сайн байна гэж дүгнэх нь явцуу ойлголт юм. Сургалтын орчин, материаллаг хүчин зүйлс, мөн оюутнуудыг идэвхжүүлэх урамшуулах зэрэг нь сурлагын амжилтанд эерэгээр нөлөөлнө.
-          Ном сурах бичгийн хүрэлцээ муу, бие даан хичээллэх анги танхим, орчин байдаггүй зэрэг дээр оюутнууд байнга санал гомдлоо илэрхийлдэг. Энэ асуудлыг шинээр баригдаж буй өргөтгөл ашиглалтанд орсноор бүрэн шийдвэрлэж өгнө гэдэгт нийт оюутнууд итгэлгэй байгаа билээ.
-          Оюутнуудыг урамшуулах идэвхжүүлэх тал дээр сурлагын голч дүнгээс нь шалтгаалан сургалтын төлбөрийн 5, 10%-ийг чөлөөлөх, мөн шилдэг 10 оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог зэрэг нь идэвхжүүлэхүйц алхмууд мөн хэдий ч нийт оюутнуудад нээлттэй ил тод байдлаар шалгаруулах, шалгарсан оюутнуудыг зарлан таниулах үйл  явц бусад оюутанд үлгэр дууриал болох талтай. Өөрөөр хэлбэл оюутан элсэн орсон цагаасаа дээрх тэтгэлэг урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл авснаар өөрт буй боломжийг ашиглан амжилттай сурах сэдэл  төрөх юм. Гэхдээ дээрх нь зөвхөн сурлагын голч дүнгээс хамаардаг урамшуулал тул “бүтээлч сэтгэлгээ, мэдлэгийг бодитой болгох” орхигдох магадлалтай. Энэ тал дээр анхаарах үүднээс сургуулийн эрдэм шинжилгээний бага хурал, ялангуяа бусад их, дээд сургуулиудын хоорондын эрдэм шинжилгээний бага хурал, олимпиад, тэмцээнд оролцох оюутнуудыг боломжит бүх талаас нь дэмжиж өөрийн бүтээлээрээ томоохон тэмцээнд байр эзэлсэн тохиолдолд кредитийн урамшуулал олгодог системтэй болох нь оюутнуудын хувьд идэвхжих сургуулийн хувьд оюутнуудаараа дамжуулан нэр хүнд байр сууриа өсгөх давуу талуудтай юм.      
Элсэгчдийн чанар бол анхаарал хандуулах асуудлын нэг зайлшгүй мөн.
Элсэгчдийн жагсаалтаас харахад манай сургуульд өндөр оноотой хүүхдүүд ихээр бүртгүүлдэг. Гэхдээ элсэн орохгүй өөр сургуульд орох тохиолдол цөөнгүй. Энэ тохилдолд улаан шугамны доор жагссан элсэгчдийг дарааллын дагуу дээш нь гүйлгэж элсүүлэх журам МУИС, ТИС, ЭМШУИС гээд томоохон сургуулиудад хэрэгждэг. Гэтэл манай сургууль төдийлөн хэрэгжүүлэхгүй харин зураасны доор орсон л бол хандив авч элсүүлдэг нь сайн сурагчдыг цааш нь түлхэж буй хэрэг билээ. Иймээс элсэлтийн асуудлыг онцгойлон анхаарах нь зүйтэй. 
Хүндлэгдэн алдарших хүн бүхэн
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулиас төрөх болтугай.

ХИСОХ-ны гишүүн, Банкны эдийн засаг ня-бо III курс Э.Мөнх-Уянга

Кредит систем-сургалтын хөтөлбөр-сонголт


Дэлхийн олон улс орон дээд боловсролын салбартаа кредит системийг хэрэглэх нийтлэг жишиг тогтоод удаж байна. АНУ нь дээд боловсролын тогтолцоонд кредит системийг анхлан нэвтрүүлж улмаар дэлхийн нэртэй их сургуулиуд ашиглах болсон гэж үздэг. Тийм ч учраас дээд боловсролын салбар дах кредит системийн тухай ярихдаа АНУ-ын жишээ, тэдний загварыг авч үздэг. АНУ нь дээд боловсролын тогтолцоонд кредит системийг нэвтрүүлснээр сургалтын хөтөлбөрийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж улмаар сонголт хийх тогтолцоог бий болгосон гэж үздэг бол бусад улс орнууд ч мөн адил кредит системийг сургалтанд нэвтрүүлснээр тодорхой дэвшилд хүрсэн гэж тайлбарладаг байна. Юун түрүүнд академик сургалтыг олон нийтэд ойлгомжтой болгосон (бакалавр, магистрын зэрэг олгох сургалт хэдэн кредит цагаар ямар хичээл судлах гэх мэт), түүнчлэн эрдэмтэн, профессоруудын ажлын ачаалалыг тооцох аргачлал (улиралд биелүүлэх кредит цаг, ачаалал гэх мэт) илүү хялбар болсон гэж үзжээ. Гэвч тооцоолох аргачлал хялбар болсон гэхээсээ илүү баригдмал, нэгэн хэвийн сургалтын хөтөлбөрийн уламжлалыг эвдэж, суралцагчдад сонголт хийх боломж олгосоноор нь кредит системийг дээд боловсролын салбарт дэвшил болсон гэж үзэх хандлагатай.
Австралийн их сургуулиудад кредит системийн нэгдсэн тогтолцоо гэж байдаггүй. Үүний оронд Australian Qualification Framework буюу аливаа мэргэжлээр суралцагчийн эзэмшвэл зохих чадваруудыг нарийвчлан тайлбарласан баримтаар мэргэжил тус бүрийн стандартыг тогтоож өгдөг. Их сургуулиуд үүнд түшиглэн өөрийн сургуулийн дотоод журмаар сургалтын ачаалал, кредит цагийг тодорхойлдог. Тиймээс Австралийн их сургуулиудад кредит системийг хэрэглэж байгаа аргачлал нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Бакалаврын сургалт 3-4 жил байх ба мэргэшиж байгаа чиглэлээс хамааран үүнээс илүү байх нь ч бий. Өөр нэг онцлог нь бакалаврын сургалтаас өмнө дипломын зэрэг (Diploma degree), дээд шатны дипломын зэрэг (Advanced Diploma or Associate Diploma Degree) олгох сургалтуудтай байдагт оршино. Тиймээс бакалаврын зэрэг олгох сургалтын хүрээнд суралцагч нь давхар мэргэжил эзэмшин төгсөх боломжтой. Бакалаврын зэрэг олгох сургалтын судлах хичээлийн тухайд 1-р курсээс нь мэргэжлийн чиглэл рүү түлхүү анхаардаг ба сургалтын хөтөлбөр нь заавал судлах хичээл, мэргэших хичээл, сонгох хичээл гэсэн 3 хэсэгт хуваагддаг.
Cидней их сургуульд Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харилцаа чиглэлээр бакалаврын зэрэг олгох сургалтыг энд жишээ болгон авч үзье.


Заавал судлах хичээлүүд:
Media and Communications units of study include:
·         Advanced Media Writing
·         Internship
·         Media Globalisation
·         Media Law and Ethics
·         Media Relations
·         Principles of Media Writing
·         Radio Broadcasting
Video Production

Өмнө дурдсанчлан бакалаврын сургалтад хамрагдах хугацаандаа хоёр дах мэргэжил эзэмших боломжтой. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба харилцааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тухайд дараах чиглэлээс хоёр дах мэргэжлийг сонгож болно. 
Second major to be chosen from:
           American Studies
           Ancient History
           Anthropology
          Archaeology
           Art History and Theory
         Asian Studies
           Australian Literature
         Biblical Studies
          Celtic Studies
           Chinese Studies
           Cultural Studies
           Digital Cultures
           Economics
           English

·         European Studies
·         Film Studies
·         French Studies
·         Gender Studies
·         Germanic Studies
·         Greek (Ancient)
·         Hebrew (Classical)
·         Hebrew (Modern)
·         History
·         Indigenous Australian Studies
·         Indonesian Studies
·         Italian Studies

·         Japanese Studies
·         Korean Studies
·         Latin
·         Linguistics
·         Modern Greek Studies
·         Music
·         Performance Studies
·         Philosophy
·         Political Economy
·         Sanskrit
·         Social Policy
·         Socio-Legal Studies
·         Sociology
·         Studies in Religion


Сонгох хичээлүүд:
Оюутан эзэмшиж буй мэргэжлээс хамааран хоёр төрлийн сонголтыг хийнэ. Эхний сонголтыг мэргэжлийн хүрээнд судлах шаардлагатай хичээлүүдээс сонгоно. Хоёр дах сонголт нь оюутанд нээлттэй боломж олгох ба тус салбар сургуулийн хүрээнд санал болгож буй хичээлүүдээс өөрийн хүсэлтээр сонгож болдог. (Санал болгож буй хичээлүүд нь маш олон тул энд оруулсангүй)
Одоо хичээлийн хуваарийг харъя.
Year 1
Year 2
Year 3
Year 4
Semester 1
Semester 2
Semester 1
Semester 2
Semester 1
Semester 2
Semester 1
Semester 2
MECO1001 AUSTRALIAN MEDIA STUDIES
MECO1002 MEDIA & COMMUNICATIONS LANDSCAPES
MECO2601 RADIO BROADCASTING
MECO2603 MEDIA RELATIONS
MECO3603 MEDIA, LAW AND ETHICS
MECO3605 MEDIA GLOBALISATION
MECO3671 MEDIA AND COMM INTERNSHIP
MECO3609 CRITICAL PRACTICE IN MEDIA
1
MECO1003 Principles of Media Writing
1
MECO3601 VIDEO PRODUCTION
MECO3606 ADVANCED MEDIA WRITING
MECO3602 ONLINE MEDIA
MECO3672 INTERNSHIP PROJECT
1
1



1
1
1
1
1
1
1
2





2
2
2
2
2
2
2
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS

Тайлбар: Хөтөлбөрийн хүрээнд заавал судлах хичээлүүд шууд өгөгдсөн байна. Харин сонголтоор орж ирэх хичээлүүдийг хоёр өөрөөр  (1, 2) тэмдэглэв.
1- Үндсэн мэргэжлийн хүрээнд сонголтоор судлах хичээлүүд (Эзэмшиж буй мэргэжлийн хүрээний хичээлүүд байх боловч нарийвчлан задалсан байдаг тул оюутан сонголт хийх өргөн боломжтой)
2- Сонгох хичээлүүд (тухайн сургууль, факультат санал болгож буй бүхий л хичээлүүдээс өөрийн хүсэлтээр сонгох боломжтой) эсвэл хоёр дах мэргэжил сонгосон бол түүнийхээ хүрээнд сонголт хийнэ.
Эндээс харахад оюутан нэг семестерт 4 хичээл судлах ба үндсэн судлах хичээл 2 өөрийн сонголтоор судлах хичээл 2 байна. Сидней их сургуулийн бакалавр, магистрийн сургалтын аль алинд нь 1 хичээл 6 кредит цагаар тооцогддог. Магистрын зэрэг олгох сургалтын хувьд ч мөн адил 1 семестрт 2 хичээл нь заавал судлах, нэг нь мэргэшиж буй чиглэлийн хүрээнд санал болгож буй хичээлээс үлдсэн нэг хичээлийг тухайн салбар сургууль эсвэл факультатын санал болгодог ямар ч хөтөлбөрөөс өөрийн хүсэлтээр сонгож болдог онцлогтой.
Австралийн их сургуулиудын жишиг, АНУ болон Европын орнуудад кредит системийг хэрэглэж байгаа байдал, энэ асуудлын хүрээнд хэвлэгдсэн материалуудтай нэлээд танилцаж дараах хэдэн дүгнэлтэд хүрлээ.
1.      Кредит систем ба Сонголт
Кредит системийн цөм нь оюутанд “сонголт хийх боломж олгох явдал юм. Оюутан өөрийн сонирхсон хичээлийг, ирээдүйд өөрийн ажил мэргэжилд нь шаардагдах хэрэгцээнд тулгуурлан сонгосноор илүү хариуцлагатай, бие даан суралцах чадвартай болдог нь ажиглагдсан. Оюутанд сонголт хийх боломж олгох нь тэднийг их сургуулийн нэг идэвхтэй хэсэг болохыг нотлох улмаар тэдний оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх давуу талтай гэж үздэг юм билээ. Сонголтын тухай ярихад хичээл сонголтыг юун түрүүнд авч үздэг. Хичээл заах багшийг сонгох асуудал төдийлөн хүчтэй яригдахгүй байгаа нь анзаарагдсан. Оюутны тооноос хамаараад зарим хичээлийн хуваарийг олон хувилбараар гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд хэд хэдэн багшаас сонгоно. Гэтэл зарим хичээлийн тухайд багш сонголт гэсэн ойлголт байхгүй. Тийм ч учраас хөтөлбөр, хичээл сонголтыг илүүд авч үздэг. Хичээл сонголтыг хэрэгжүүлэхэд зохион байгуулалт нэлээд шаардах нь ойлгомжтой. Анги танхим, багш боловсон хүчний нөөц гээд асуудал олон. Сидней  их сургулийн хувьд нэг улиралд заавал судлах 2 хичээлийг нь нэгдсэн хуваариар, үлдсэн 2 хичээлийг өөрсдөөр нь сонголт хийлгэдэг. Гэхдээ заавал судлах болон сонголтоор судлах хичээл аль аль нь хичээллэх өдөр, цагаа гаргасан байдаг. Тиймээс оюутнаас хамаарч багшийн хуваарь гарах биш хичээл сонголтоос хамаарч оюутны хичээллэх хуваарь гардаг. Зөвхөн бакалаврын сургалтандаа 35000 гаруй оюутантай Сидней их сургууль сонголтыг ийм байдлаар зохион байгуулж байна. 
2.      Кредит систем ба сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
Оюутны хичээл сонгох үндэс нь тухайн сургуулийн санал болгож буй хөтөлбөрөөс шууд хамаарах нь ойлгомжтой. Тиймээс ч кредит систем нь сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохыг шаарддаг гэдгийг нотолж байгаа юм. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулан, боловсруулснаар кредит систем бүрэн утгаар хэрэгжих үндэс болох юм. Энэ нь сургалтын хөтөлбөрт илүү уян хатан байх бодлого баримтлах шаардлага тулгарч байна гэсэн үг юм. Одоо үед нэртэй их сургуулиуд санал болгож буй хөтөлбөрөөрөө өрсөлдөж, оюутнуудаа татдаг болжээ. Бид орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, оюутнуудад санал болгох хэрэгтэй юм. Сидней их сургуулийн салбар сургуулиуд хөтөлбөр тус бүрээр санал болгох хичээлүүдийг гарын авлага болгон гаргадаг. Энэ нь оюутнуудад сонголт хийх өргөн боломжийг өгч чаддаг. Тэндээс харахад хичээлүүд нь цаг үеэ олсон, орчин цагийн хэрэгцээтэй уялдсан байдаг нь сургалтын хөтөлбөрийг уян хатан байх ёстой гэж үздэгтэй нь холбоотой юм. Тийм ч учраас сонголт энд бүрэн утгаараа хийгдэж чаддаг.

3. Кредит систем ба багшлах боловсон хүчний нөөц
Сургалтын хөтөлбөрийг нарийвчлан задалж, оюутанд санал болгоход түүнийг заах мэргэжлийн багш хангалттай байх шаардлага тулгарна. Хамгийн гол нь багш нар тухайн хичээл бүрээр судалгаа хийх, мэргэших, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадвартай, бүтээлч байх хэрэгтэй. Их сургуулийн багш нар байнгын судалгаа шинжилгээ хийж, цаг үеийн эрэлтээс хамааран тухайн хичээлийг илүү сонирхолтой болгох, бусдад түгээх тал дээр байнга шинэчлэл, өөрчлөлтийг хийж байх нь зайлшгүй юм.  Багш сонголтыг онцгойлон авч үзэхгүй байгаа хэдий ч аливаа хөтөлбөрийг багш нар боловсруулж байдаг тиймээс ч хичээл сонголтын цаана багш нар цаг үеэ хэрхэн мэдэрч, тухайн мэргэжлийн хүрээнд хэрхэн оновчтой хөтөлбөр боловсруулсан зэрэг асуудлууд давхар явж байх нь ойлгомжтой. Хөтөлбөр боловсруулахад багшийн оролцоо, үүрэг чухал байдаг. Тийм ч учраас кредит системийг сургалтанд нэвтрүүлэхэд багш нар, хөтөлбөр боловсруулагч, санаачлагч, хэрэгжүүлэгч байх шаардлага гарч бий болжээ.
4.      Кредит систем ба үнэлгээ
Сидней их сургуулийн хэрэглэж буй үнэлгээний аргууд бидний хэрэглэж байгаа аргуудтай ижил (бие даан гүйцэтгэх даалгавар, явцын тест, илтгэл гэх мэт) боловч салбар сургуулиудын үнэлгээний аргууд өөр хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь: Нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд эссэ бичих даалгавар илүү хэрэглэгддэг. Гэхдээ илүү анализ, харьцуулалт хийсэн байхыг шаарддаг. Тиймээс critical review, critical reading, critical thinking гэсэн нэршил нэлээд өргөн хэрэглэгдэнэ. Үүнийг зөвхөн шүүмжлэн бичих гэж ойлгож болохгүй. Энэ төрлийн даалгаварыг хийж гүйцэтгэхэд тухайн асуудлаар нэлээд олон өгүүлэл, ном зохиолтой танилцах шаардлагатай болдог. Оюутнуудыг тухайн судлагдахууны хүрээнд сэтгэн бодох, бүтээлч чадварт сургах тал дээр их анхаардаг. Жишээ нь: Бизнесийн сургуульд Critical thinking гэдэг хичээл заавал судлах хичээлээр орно. Үзсэн сэдэв бүрээр ажиглалт, анализ, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бичгийн ажил хийлгэж байгаа нь тухайн оюутнуудад онолын мэдлэг олгоод зогсохгүй түүнийгээ бусад судлаачдын үзэл бодолтой харьцуулж, тухайн асуудлыг хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох талаар өргөн хүрээнд сэтгэх чадвартай болгодог байна. Мэргэжил үл харгалзан бичих даалгавар хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Түүнчлэн багаар гүйцэтгэх даалгавар бүх салбар сургуулиудад хэрэглэгддэг. Кредит систем нь оюутны сонголт дээр үндэслэн бие дааж сурах чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг тул бие даан сурах чадвартай болох тал дээр салбар сургуулиуд түлхүү анхаардаг.

Кредит системийн тухайд эдгээр асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна гэж үзлээ. Хичээл сонголтын тухайд л авч үзэхэд манай санал болгож буй хөтөлбөр, хичээл хэр хангалттай байдаг, оюутанд үнэхээр сонголт хийх боломжийг олгодог эсэхийг эргэж нэг хармаар санагдсан. Мөн манай кредит тооцох аргачлал, Сидней их сургуулийнхаас өөр байна. Энд 1 хичээл 6 кредит цаг гэж тооцоод оюутан улиралд 4 хичээл судалдаг нь сонголт хийхэд илүү хялбар болгодог байх талтай. Өөр нэг зүйл нь хичээлийн хуваарь. Оюутнууд онлайнаар хичээлийн хуваарийг хүлээж авдаг бөгөөд тухайн оюутны сонгосон хичээлээс хамаараад долоо хоногийн хэдэн өдөр, хэдэн цагаас хичээлтэй байх нь шалтгаална. Энэ тохиолдолд оюутан судлах хөтөлбөр, хичээлийг сонгох эрхтэй ч сургуулийн зүгээс бэлтгэсэн хуваарьт үндэслэн сонголтоо хийнэ.
Дүгнэж хэлэхэд кредит систем бол сургалтын хөтөлбөр болон оюутны сонголт гэсэн үндсэн ойлголтод анхаардаг байна. Тиймээс ч кредит систем нь уламжлалт сургалтын хөтөлбөрийг өөрчлөх, түүнийг цаг үеийн шаардлагатай нийцүүлэх тухай асуудал бөгөөд суралцагчдад хэрэгцээтэй мэдлэгээ ямар хөтөлбөрөөр олж авах, өөрсдийн сонголтоор өөрийн мэдлэгийг баяжуулах, туршлага олж авах бололцоог олгох асуудал тул бид энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. 

                                                                  Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийг багш, доктор

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More