Wednesday, April 10, 2013

Их дээд сургуулийн чанарыг тодорхойлоход хөтөлбөрийн чанар гол үүрэг гүйцэтгэнэ


Сүүлийн үед их дээд сургуулийн боловсролын чанарын асуудал хүн бүхний анхаарлыг татах нэгэн сэдэв болж байна. Боловсролын болон шинжлэх ухааны судалгааны чанарын удирдлагын ихэнх загварууд нь хүрсэн үр дүнг статистикийн аргаар боловсруулдаг үнэлгээний аргачлал дээр үндэслэсэн байдаг. Өнөө үед энэхүү аргаас илүүтэй олон улсын чанарын стандарт ISO 9000:2000 – н шаардлагад нийцсэн загвар уруу шилжиж байна. Чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог боловсролын салбарт, тэр дундаа их дээд сургуулиудад ашиглах хандлага давамгайлж байна. Чанарын менежментийн концепцийн дагуу их дээд сургуулиуд нь өөрсдийн үйл ажиллагааны үндсэн бүтээгдэхүүнүүдийн хөдөлмөрийн зах зээл дэхь хэрэгцээг бүхий л талаас нь судалсан судалгааны үр дүн дээр үндэслэж боловсруулсан эрхэм зорилго, зорилтуудтай байхаас гадна энэхүү зорилгод хүрэх үйл явцыг бүхэлд нь чанарын удирдлагаар хангах ёстой гэж үздэг. Олон улсын чанарын стандарт ISO 9000:2000 – н шаардлагын дагуу их дээд сургуулийн үндэс нь дараах хүчин зүйлээс бүрддэг. Үүнд: хэрэглэгчид чиглэсэн хандлага, багш ажиллагсдын удирдлагын шийдвэр гаргалт дахь оролцоо, бүтээгдэхүүний чанарын байнгын өсөлт. Олон улсын практикт их дээд сургуулиуд чанарын стандартыг биелүүлэхийн тулд эхлээд дотоод аудитын тогтолцоог хөгжүүлж, үүнийхээ үндсэн дээр хөндлөнгийн аудит хийлгэн чанарын гэрчилгээг хүлээн авдаг байна. Чанарын гэрчилгээний судалгааны дүнгээс үзэхэд олон улсад энэхүү стандартыг хангасан 600 орчим сургалтын байгууллага байдаг байна.
Их дээд сургуулийн бүтээгдэхүүн нь боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцад үзүүлсэн үйлчилгээний үр дүн байдаг. Боловсролын үйлчилгээний чанарын тухай асуудлыг ярихдаа системийн үүднээс элсэгч, сургалт, төгсөгч гэсэн 3 холбоосыг авч үзэх нь чухал. Элсэгчийн чанарыг тодорхойлохдоо гол төлөв тухайн их дээд сургууль өөрийн элсэгчдэд тавьж буй босго оноогоор хэмждэг бөгөөд энэхүү оноогоор тухайн сургуулийн нэр хүнд, түвшинг тодорхойлох хандлага нийгэмд аль хэдийн тогтжээ. Түүнчлэн тухайн их дээд сургуульд элсэгчдийн дунд олон улсын олимпиад, тэмцээнүүдэд амжилт гаргасан төгсөгчдийн эзлэх хувь мөн элсэгчийн чанарыг илэрхийлэх гол үзүүлэлт болно. Харин сургалтын үйл явцын хувьд хөтөлбөр, стандарт, багшийн чадвар, суралцах орчин, технологи, эрдэм шинжилгээ судалгааны ажил гэх мэт маш олон хүчин зүйлээр үнэлэх шаардлагатай болдог.
Сургалтын үйл явцын чанарыг ярихын тулд хамгийн түрүүнд мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн чанарыг авч үздэг. Өнөө үед их дээд сургуулиудад хөтөлбөрийн менежментийн  загварыг түлхүү ашиглаж байгаагаас гадна хөтөлбөрт суурилсан чанарын үнэлгээг ихээхэн ашигладаг болжээ. Хөтөлбөрийн удирдлагын загвар (curriculum based management) гэдэг нь их дээд сургуулийн бүтцийн үндсэн нэгж нь хөтөлбөрийн цөм баг байж, энэхүү багаар дамжуулан сургалтын үйл явцыг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг хянах удирдлагын загварыг хэлэх бөгөөд хөтөлбөрийг мэргэшсэн баг хариуцсанаараа хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, мэргэжилтний эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын хүлээлт, тухайн мэргэжлийн стандартад нийцсэн сургалтыг явуулах боломж бүрдэх юм. Хөтөлбөрийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөрт суурилсан чанарын үнэлгээг (curriculum based assessment) их дээд сургуулиуд хэрэглэдэг байна. Хөтөлбөрт суурилсан чанарын үнэлгээ нь хөтөлбөрийн баталгаат байдлыг хангах, хөтөлбөрийг хөгжүүлэх, тухайн хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын сургалтын чанарыг үнэлэх, дэвшил байгаа эсэхийг тодорхойлоход гол зорилго нь оршино. Түүнчлэн энэхүү үнэлгээг хийсэнээрээ хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөтөлбөрийн цөм багийг бүрдүүлж буй багш нарт хөгжлийн боломж олгох, богино хугацаанд академик зорилтуудыг биелүүлэх, хөтөлбөрийн хөгжил болон оюутанд гарч буй өөрчлөлт, тэдний хэрэгцээг мэдрэх боломжийг олгодогоороо давуу талтай. Хөтөлбөрийн менежментийг амжилттай хэрэгжүүлж буй сургуулиудын хувьд хөтөлбөрийн удирдлага 3 түвшинтэй байдаг.
- Хөтөлбөрийн директор
- Хөтөлбөрийн менежер
- Хөтөлбөрийн координатор
Хөтөлбөрийн директор нь ижил төстэй хөтөлбөрүүдийг нэгдмэл удирдлагаар хангах бөгөөд шинээр хөтөлбөр нээх, эсвэл эрэлтгүй болсон хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрийг гаргах эрхтэй. Харин хөтөлбөрийн менежер нь мэргэжлийн хөтөлбөрийг удирдлагаар хангах, хөтөлбөрийн бодлого боловсруулах, хөтөлбөрийн санхүүжилтийн асуудлыг хариуцах, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, энэхүү үнэлгээний хариуцлагыг хүлээдэг. Хөтөлбөрийн менежерийн удирдлагад ажиллах хөтөлбөрийн координатор нь хөтөлбөр хоорондын зохицуулалт хийх, хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, оюутны ачааллыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэдэг.
Хөтөлбөрт суурилсан чанарын үнэлгээ нь тухайн хөтөлбөрийн эрэлт хэрэгцээ, зах зээлд эзлэх байр суурь, төгсөгчдийн ажил эрхлэлт, тэдгээрийн карьерын түвшингөөр тодорхойлогддог. Ялангуяа тухайн хөтөлбөрөөр бэлтгэгдсэн төгсөгчдийн хувьд 6 сарын дотор ажлын байраар хангагдаж чадсан эсэх нь чухал юм.  Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын чанарыг үнэлэхдээ элсэж байх үеийн түвшинг, сургалтын явцад гарсан дэвшилтэй харьцуулсан байдлаар тодорхойлох нь илүү үр дүнтэй хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, оюутны элсэх үеийн түвшинг төгсөх үеийн түвшинтэй харьцуулан, сургалтын явцад хэрхэн ахиц гарсаныг тодорхойлно гэсэн үг. Үнэлгээг дотоод аудит болон гадаад аудитаар хийж болох бөгөөд дотоодод тухайн их дээд сургууль өөрөө баг бүрдүүлэн ажиллуулж болдог. Харин гадаад аудитыг хөндлөнгийн байгууллага магадлан итгэмжлэх замаар үнэлгээ хийн гэрчилгээ олгодог. Өнөөгийн байдлаар их дээд сургуулиудын хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээг Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөл хийж байна. Тус зөвлөл нь мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн баг ажиллуулж, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд орохоор саналаа өгсөн сургуулиудад ажиллуулдаг бөгөөд тухайн хөтөлбөр өөрийн өмнө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд үр дүнтэй ажиллаж чадаж байгаа эсэхийг тодорхойлж өгдөг байна. Өнөөдрийн байдлаар Монголын томоохон их дээд сургуулиуд энэхүү хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд хамрагдаад байгаа бөгөөд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хувьд ч гадаад хэлний болон бизнесийн нийт 4 хөтөлбөр хамрагдан, гэрчилгээгээ аваад байна. Цаашид энэхүү магадлан итгэмжлэлийн үнэлгээг хийлгэхээр дараа дараагийн хөтөлбөрүүдийн бэлтгэл ажил хийгдэж байна.
Хөтөлбөр өөрийн дотоод аудитыг хөндлөнгийн аудитаар баталгаажуулсанаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж буй боловсон хүчний нэр хүнд өсөхийн зэрэгцээ, их сургуулийн өөрийн нэр хүнд өсч дэвжих бололцоо бүрдэх юм.    

С.Эрдэнэтуул,  ХИС-ийн БС-ийн захирал, доктор, дэд профессор 

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More