Tuesday, April 30, 2013

Багшийг Facilitator болгоё


Ц.Наранбаатар. Дархан салбар сургуулийн англи хэлний багш

         Дэлхийн хаана ч өрсөлдөх, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь бидний тэргүүн зорилго билээ. Зорилгодоо хүрэхийн тулд бид хөтөлбөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, сургалтын таатай орчныг бүрдүүлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа боловч сургалтын хамгийн чухал хэсэг ээлжит хичээлийг үр дүнтэй болгох, чанарыг ахиулах, оюутны бүтээлч, судлаач чанаруудыг төлөвшүүлэх үйл ажиллагааг өсгөн нэмэгдүүлэх шаардлага гарч байна.
       МУ-ын боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд Конструктив баримтлал “Хөгжүүлэх сургалт”-ыг нэвтрүүлж хэрэгжүүлээд 22 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх явц их, дээд, мэргэжлийн сургуулиудад удаашралтай байгаа бөгөөд энэ нь чанаргүй мэргэжилтэн төрөн гарах шалтгаан болсоор байна.
       Оюутны хэрэгцээнд тулгуурласан боловсролыг шинэлэг бүтээлч хэлбэрээр түгээх, тэднийг илүүтэйгээр мэдлэгийг өөрсдөөр нь бүтээлгэх, туршлагад нь тулгуурлан чадваржуулахад хөгжүүлэх сургалт, түүнийг гардан явуулж буй багш чухал үүрэгтэй.
      Хөгжүүлэх сургалтын амин зүрх нь “Facilitator” бөгөөд энэхүү үгийн утгыг аль ч хэлний тайлбар толь бичигт “Чиглүүлэгч-хөгжүүлэгч” хэмээн илэрхийлсэн байдаг. Сургалтын практик үйл ажиллагаатай холбон авч үзвэл “Facilitator” нь хичээлийн явцад суралцагчдын суурь мэдлэг, мэдээлэл, өмнө нь олж авсан дадлага туршлагад тулгуурлан мэдлэгийг хамтарч бүтээх, тулгамдсан асуудлыг хамтдаа илрүүлэн гаргаж шийдвэрлэдэг туслан, дэмжигч, мэдлэгийн хөтөч  хэмээн тайлбарлаж болно. Тэгвэл “Facilitator”-ийн сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг багш багшлахуйтай харьцуулан авч үзье.

Багшийг Facilitator болгож хувиргаснаар түүний үйлдлүүд нь сэтгэл зүйн болоод  сурахуйн таатай орчныг үүсгэж суралцагчдын мэдлэг бүтээх боломжийг идэвхтэй  байдлаар дэмжиж, шинжлэх ухааны ухагдахууныг илүү олон өнцгөөс харж, мэдлэгийг хамтран бий болгох боломжийг бүрдүүлж байна.

Facilitator-ийн  сургалтын үйл ажиллагаа

Хөгжүүлэх сургалтын агуулга нь Facilitator түүний орчин үеийн  дэвшилтэт болон шинэ үзэл санаагаар баяжигдсан сургалтын үйл ажиллагаатай нягт холбоотой байж ээлжит хичээлд доорх байдлаар хэрэгжих боломжтой.       
                                                                                                                                                                  
Нэг. Бэлтгэл үйл ажиллагаанаас мэдлэг бүтээх мотив бүрэлдэнэ.
Facilitator тухайн хичээлийн стандартыг суралцагчдад дэлгэрэнгүй мэдээлж агуулгын талаарх ижил төсөөллийг хамтдаа бий болгодог. Үүнд:
Сургалтын агуулга, зорилго, зорилтууд, эзэмших мэдлэг, чадвар, ирээдүйн бодит хэрэгцээг тодорхойлох
Суралцагчдын үүрэг хариуцлага, сургалтын явцад Facilitator болон суралцагчдын хамтдаа  хүсэн хүлээж байгаа  хэрэгцээ шаардлагуудыг илрүүлэн гаргах гэх мэт
Хоёр. Facilitator хичээлийг хамтын ардчилсан үзэл санаанд тулгуурлан явуулдаг.
Суралцагчдын өмнө  гарч лекц уншина гэдэг нь мэдлэг бүтээх үр дүнтэй  арга барил биш. Facilitator нь суралцагчдыг хамтарч мэдлэгийг бүтээх боломжоор байнга хангаж байдаг. Учир нь суралцагчид насанд хүрсэн хүмүүс бөгөөд олон талын хэрэгцээ шаардлага, туулж өнгөрүүлсэн туршлагатай тул тэдгээрээс нь бие биетэйгээ хуваалцах, асууж тодруулах, мэтгэлцэх, нэгтгэн дүгнэх боломж бололцоог олгох нь чухал. Гэхдээ хичээлийн төгсгөлд суралцагчид хичээлийн зорилгод нийцсэн мэдлэгийг бүтээсэн эсэхэд  Facilitator гол анхаарлаа хандуулж байдаг.
Гурав. Facilitator  сургалтын эерэг, таатай орчныг бүрдүүлдэг.
Facilitator суралцагчдыг шинэлэг,бүтээлч санаа гаргах, бусдаас суралцах, оновчтой шийдэл гаргах, буруу ташаа ойлголтыг залруулахад нь туслаж чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг.Түүнчлэн суралцагчдыг бусдыгаа хүлээцтэй сонсох, бусдын санааг хүндэтгэх,  асуудлыг өөр бусад өнцгөөс нь харж шийдвэрлэх бололцоог бүрдүүлдэг. Чиглүүлэгчийн зүгээс доорх чадваруудыг эзэмшсэн байна.Үүнд
-          Суралцагчид нэг бүрийг бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бий болгох.
-          Соёлтой боловсон, ухаалаг хариултуудыг дэмжих, сайшаах
-          Ямар нэгэн ёс зүйгүй эсвэл дутагдалтай санаануудыг эерэг талаас нь тайлбарлаж залруулах
-          Сэдэвт холбоотой бусад үзэл баримтлалуудыг дурьдаж шинэ мэдээллээр сэлбэх
-          Гаргасан амжилт бүрийг урамшуулж баяр хүргэх гэх мэт.
Дөрөв. Шинжлэх ухааны гол ойлголтыг тайлбарлахдаа Facilitator тохирсон үр дүнтэй аргуудыг хэрэглэдэг.
Үүнд:
·         Суралцагчдад ойлгомжтой, тодорхой зааварчилгаа өгөх
·         Суралцагчдад шинжлэх ухааны зарчим, ухагдахуунуудыг ойлгомжтой тодорхой жишээ баримттай тайлбарлах
·         Дуу авиа, биеийн хөдөлгөөн, орон зайн харьцаа, техник хэрэгсэл, болон бусад хэрэгцээтэй гэсэн биет болон биет бус зүйлийг ашиглах
·         Хичээлийн нөхцөл байдал, суралцагчийн сурах арга барил,  нийтлэг хэрэгцээнд тулгуурлан  менежментээ өөрчлөх уян хатан мэдрэмжтэй байна.
Тав. Facilitator-ийн эзэмшвэл зохих техникүүд.
Суралцагч бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тул Facilitator нь төвийг сахисан байр сууринаас хандаж тэдний үзэл бодлыг хичээлийн агуулгатай уялдуулж чиглүүлэх, залах, урамшуулах.
Facilitator суралцагчдад өөрийн үзэл бодлоо хамаагүй тулгахаас зайлсхийх хэрэгтэй. Ингэхийн оронд ямар нэг санал дэвшүүлж үзэл бодлоо илэрхийлвэл илүү зохилтой.
Facilitator суралцагчийг ярьж байхад итгэл, хүндэтгэл төрүүлж хүлээцтэй сонсох хэрэгтэй.
Facilitator тэдний  ярьж байгаа зүйлийг бусдад илүү ойлгомжтой болгох шаардлагатай бол тодруулга асуулт асуух хэрэгтэй. Системтэй асуулт асуух нь мэдээллийг цуглуулж нуугдмал санааг ил гаргах, эрэл хайгуул хийлгэхээс гадна идэвхгүй суралцагчдад оролцооны боломжийг нээж өгдөг.
Facilitator суралцагчдын дэвшүүлж байгаа санаануудын тулгуур ойлголтуудыг нийтэд харагдахуйц байдлаар тэмдэглэж бусдаар дүн шинжилгээ хийлгүүлэх байдлаар  нэгтгэн дүгнэнэ. Суралцагчдын дэвшүүлж буй санаануудыг байшин барих маягаар давхарлан өрж мэдлэгийг бүтээх нь чухал юм.
Facilitator даалгаврыг гүйцэтгэхэд зориулагдах хугацааг нарийн тогтоож цагийг нягт баримтлан ажиллана.
Facilitator идэвхтэй сонсогч байж товч тодорхой, цагаа олсон санал сэтгэгдлийг илэрхийлж байдаг
Facilitator Хичээлийн төгсгөлд тухайн хичээл хэр зэрэг үр дүнтэй болсон талаар аман болон бичгийн хэлбэрээр сурагчдын үнэлгээг авч болно.
Сургалтын үйл ажиллагааны чанарын шинэчлэлийг хийх  чухал алхмуудын нэг нь  хичээл зааж байгаа Facilitator-оос хамааралтай. Өнөөдөр барууны орнуудад мэргэжлийн Facilitator бэлддэг болон Facilitator-оор  үйлчилдэг байгууллагууд бий болсон.  Түүнчлэн Их Дээд, Мэргэжлийн сургуулиуд багш нарыг мэргэжлийн Facilitator болгох тал дээр анхаарлаа хандуулж байна.
Багшийг Facilitator болгосноор мэдлэг бүтээх чадварт сурах, оюутан төвтэй сургалтын менежментийг бий болгож байгаа хэрэг юм.  Facilitator-ийн оюутныг хөгжүүлэх менежмент нь уян хатан, шинэ санааг дэмжсэн, цогц системтэй хэлбэрээр зохион байгуулагдаж өнөөдрийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх хөшүүрэг болох юм.
Ийнхүү суралцагчдын боловсролыг хамтын үйл ажиллагаа,  харилцан мэдлэг, туршлага солилцох  хэлбэрээр олгох нь өнөөгийн мэргэжилтэнд тавигдах хэрэгцээ, менежерийн хувийн чадвар, цаашлаад төгсөн гарсан сургуулийн нэр хүндэд ч нөлөөтэй асуудал юм.
Цаашид дэвшүүлэх санал
1.      Facilitator-ийн тусламжтайгаар сургалтыг шинэ арга, технологоор баяжуулан боловсронгуй болгох арга зүйн хувилбар боловсруулан турших, үр дүнг тооцох, түүнчлэн сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулах үзэл баримтлал, үнэлгээ, хөтөлбөрийн аргачлал зөвлөмжүүдийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2.      Facilitator нь уламжлалт арга шинэчлэлийн тэнцвэргүйдлийг арилгах зохистой харьцаа тогтоох хүчин зүйл тул зорилт тавьж хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна.
3.      Мэдлэг бүтээх үйл явц дахь ардчилал, оюутан төвтэй үйл ажиллагааны болон хэрэглээний хандлагатай идэвхтэй сургалтын зарчим, удирдахуйн ухааны үзэл баримтлалыг үндэс болгосноороо сургалтын шинжлэх ухааны онол арга зүйн төвшинг өндөржүүлсэн үр дүн гарах нь дамжиггүй.
4.      Facilitator болсноор сургалтын үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлж, оюутнуудад мэдлэг эзэмших сэдэл тэмүүлэл бий болгож, сургалтын чанар үр дүнд ахиц гарах нь тодорхой.
5.      Хөгжилтэй орнуудын сургалтын үйл явц нь уян хатан, аливаа шинэлэг санаа, арга барил, соёлын бусад материалд нээлттэй, мэдлэг нь зөвхөн суралцахад бус нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол хөгжих чухал хөшүүрэг, төрийн бодлогын гол цөм болсон, тухайн улс орны хөгжил, дэвшлийн чухал хэрэглүүр болсныг харгалзан үзэх нь чухал болсон учир энэ технологийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More