Sunday, November 24, 2013

Эрдэмтний чансааг эшлэгдсэн байдлын индекс илтгэх нь

Ч.Чойсамба, МУИС-ийн багш, сэтгүүл зүйн доктор, дэд профессор

Түлхүүр үг: эшлэгдсэн байдлын индекс, мэдээллийн бааз, эрдэмтний чансаа, импакт-фактор, шинжлэх ухааны сэтгүүлийн чансаа, шинжлэх ухаан судлал, Хиршийн индекс

Эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эшлэгдсэн байдлын индекс бол шинжлэх ухааны нийтлэл дэх эшлэлийг индексжүүлсэн хураангуй бааз юм. Энэхүү индекс нь эшлэлийн тоон үзүүлэлтийг боловсруулж, эрдэмтдийн чансааг илтгэдэг байна. Индексийн хэмжээг тухайн бүтээлээс (эсвэл эрдэмтнээс) бусад судлаач хэр олон удаа эшлэл авсан нь илтгэдэг. Тэгэхдээ эшлэлийн тоо төдийгүй, чанар чухал байдаг. Өөрөөр хэлбэл, тэр эшлэлийг нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүл, нэг сэдэвт бүтээл, эсвэл шинжлэх ухааны хялбаршуулсан сэтгүүлийн аль нь авснаар чанар хэмжигдэнэ. Түүнчлэн эшлэл авсан судлаачийн зэрэг, цол дутуугүй ач холбогдолтой.
Эшлэлийг индексжүүлэх анхны оролдлого 1873 онд хийгджээ (эрх зүйн баримт бичгүүдийн Shepard’s Citations). 1879 онд анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээлийн индекс болох Index Medicus олны хүртээл болсон байна. Index Medicus 2004 он хүртэл гарч байсан бөгөөд нийтдээ 45 удаа хэвлэгджээ.
АНУ-ын эрдэмтэн Южин Гарфилд 1960 онд Шинжлэх ухааны мэдээллийн хүрээлэн (Institute for Scientific Information)-г байгуулсан байна. Тус хүрээлэн 1961 оноос эхэлж Science Citation Index (SCI) буюу Эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эшлэгдсэн байдлын индексийг хэвлэх болжээ. Анхандаа уг индексийг 600 орчим сэтгүүлийн нийтлэл дээр тулгуурлан боловсруулж байсан бол 2010 онд энэ тоо 16521-д хүрсэн байна. Шинжлэх ухааны мэдээллийн хүрээлэн нь эрдэм шинжилгээний өгүүллүүдийн мэдээллийн баазыг боловсруулах, тэдгээрийг индексжүүлэх, эшлэгдсэн байдлын индексийг тогтоох, импакт-фактор (impact factor) буюу шинжлэх ухааны сэтгүүлийн чансааг гаргах зэрэг ажлыг хийдэг ажээ. Анхандаа Ю. Гарфилд байгалийн ухааны чиглэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд дэх эшлэлүүдийг индексжүүлж байсан (SCI) бол аажимдаа нийгмийн ухааны («Social Sciences Citation Index», SSCI), урлагийн («Arts and Humanities Citation Index», AHCI) чиглэрээр бичигдсэн өгүүллүүдийг мэдээллийн бааздаа оруулсан байна. 2006 оноос Google Scholar зэрэг мэдээллийн өөр эх сурвалжууд бий болжээ. Энэхүү индексийг Web of Science цахим төсөлд бүрэн эхээр нь байршуулдаг байна.
АНУ-ын араас дэлхийн томоохон орнууд өөр өөрийн индексийг боловсруулах болсон юм. Тухайлбал: 1987 оноос БНХАУ Хятадын эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эшлэгдсэн байдлын индекс (Chinese Science Citation Index) боловсруулах төслийг эхлүүлжээ. Дараа жил нь China Scientific and Technical Papers and Citations хэмээх өөр нэг төсөл гараагаа эхэлсэн байдаг. 1997 онд удаах индекс болох Chinese Social Sciences Citation Index-ийг Нанжиний их сургуулийн эрдэмтдийн баг боловсруулж, 2000 онд ашиглалтанд оруулжээ. Энэхүү индексийг боловсруулахын тулд эрдэмтэд нийгмийн ухааны чиглэлээр гардаг 2700 гаруй сэтгүүлийг шүүрдэн үздэг.
1995 онд үндэсний индекс (Citation Database for Japanese Papers) боловсруулах ажлыг Японы Мэдээллийн үндэсний хүрээлэн гардан гүйцэтгэжээ. БНХАУ, Японоос гадна Тайван (Taiwan Humanities Citation Index), Испани, Польш зэрэг оронд индексжүүлэлт хийгдэж байна.
ОХУ-д өөрийн эрдэмтдийн шинжлэх ухааны нийтлэлүүдийн мэдээллийн баазыг боловсруулах ажлыг 2005 оноос «Шинжлэх ухааны цахим номын сан» компани гардан гүйцэтгэж буй юм. «Оросын эрдэм шинжилгээний өгүүллүүдийн эшлэгдсэн байдлын индекс» (Российский индекс научного цитирования) төслийн цахим хуудсан дээр шинжлэх ухаан, анагаах ухаан, технологи, боловсролын асуудлаар бичигдсэн бүтээлүүдийн бүрэн эхийг байршуулдаг. 2012 оны 1-р сарын байдлаар тус цахим хуудсанд 15 сая өгүүлэл агуулагдаж байна. РИНЦ-ийн тусламжтай ямар ч эрдэмтэн өөрийн индексийг түвэггүй олж, салбарынхаа судлаачдын хаана нь жагсаж яваагаа мэдэх боломжтой. Гэхдээ судалгааны эргэлтэнд бүхий л эрдэм шинжилгээний сэтгүүл, диссертаци, диссертацийн хураангуйг хамруулж чадахгүй байгаагийн улмаас индекс нь тухайн эрдэмтний чансааг бүрэн дүүрэн илэрхийлэхгүйг РИНЦ урьдчилан сануулдаг.
Эшлэгдсэн байдлын индекс нь шинжлэх ухаан судлал (Scientometrics)-ын хамгийн түгээмэл үзүүлэлтийн нэг бөгөөд дэлхийн олон оронд ашиглагддаг. Тухайн эрдэмтний/эрдэм шинжилгээний өгүүллийн чансааг тогтооход Citation Index-ээс гадна шинжээчдийн дүгнэлт, шинжлэх ухааны сэтгүүлийн импакт-факторыг харгалзан үзэх нь бий.
Эшлэгдсэн байдлын индексийг мэдлэгийн салбараас ихээхэн шалтгаалдаг гэж зарим судлаач шүүмжилдэг. Тухайлбал: физикчдийн бүтээлээс эшлэл авах нь биологич, эмч нартай харьцуулахад цөөн боловч математикчидтай харьцуулахад их юм. Түүнчлэн тухайн салбарт хэр олон эрдэмтэн ажиллаж байгаа нь индексийг гаргахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг ажээ. Мөн тухайн цаг үед шинжлэх ухааны ямар салбарын судалгаа олон нийтийн анхаарлыг татаж байна, тэр салбарын эрдэмтний бүтээлээс эшлэгдэх байдал нь нэмэгддэг байна. Түүнээс гадна эрдэмтний бүтээл нийтлэгдсэн эрдэм шинжилгээний сэтгүүлийн тархац ч чухал хүчин зүйл болдог ажээ.
2008 онд Оросын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшигчдийн эшлэгдсэн байдлын индексийг нэг шалгуур болгож үзэх эсэх тухай яриа гарсан байна. Web of Science-ын мэдээлснээр, академич, Оросын Шинжлэх Ухааны Академийн болон Анагаах Ухааны Академийн гишүүн В. Черышевын нийт бүтээлээс ердөө нэг удаа эшлэл авсан бол энэ үзүүлэлт эдийн засгийн шинжлэх ухааны доктор Ю. Осиповын хувьд 39, Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, физик-математикийн шинжлэх ухааны доктор В. Фортовын хувьд 3259-тэй тэнцэж байжээ.
Оросын эрдэмтэд энэ асуудлаар эсрэг тэсрэг байр суурь баримталсан байна. Эшлэгдсэн байдлын индексийг хэсэг эрдэмтэн дараах үндэслэлээр шүүмжилжээ. Тухайлбал: Оросын агуу зохион бүтээгч, сансар судлалын эцэг Сергей Королёвын индексийг тогтоох боломжгүй, учир нь түүний гол бүтээлүүд ус төрөгчийн тухай бичигдсэн бөгөөд тэдгээртэй цөөн тооны судлаач л танилцах боломжтой байдаг. Өөр нэг тод жишээ бол нэрт математикч Григорий Перельман юм. Перельман математикийн агуу долоон оньсогын нэг болох Пуанкарегийн таамгийг нотолсон боловч бүтээлээ хэвлүүлдэггүй учир эрдэмтэд эшлэл авах боломжгүй ажээ.
Үүний сацуу эшлэгдсэн байдлын индексийг дэмждэг эрдэмтэд бий. Нэгдүгээрт, эрдэмтдийн хэн нь хэн болохыг энэхүү индекс шинжлэх ухаанаас хол хөндий хүнд ч ойлгуулж чаддаг. Тухайн химич салбартаа хэр нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн судлаач болохыг мэдэхийн тулд индексийг нь харахад л хангалттай бөгөөд хэн нэг эрдэмтний туслалцаа, «зуучлал» шаардлагагүй. Нэг салбарын өөр хоорондоо өрсөлддөг эрдэмтэд нэгнийхээ тухай буруу ташаа мэдээлэл өгөх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл индекс нь ийм хөндлөнгийн оролцоог тэглэдэг.
Хоёрдугаарт, индекс нь эрдэмтдэд тодорхой хэмжээний шахалт үзүүлж, «зүгээр суулгадаггүй». Эрдмийн зэрэг (доктор, шинжлэх ухааны доктор)-ийг нэг л удаа хамгаалдаг, харин эрдмийн цол (дэд профессор, профессор, академич)-ыг нэг л удаа хүртдэг. Гэтэл зэрэг хамгаалснаас/цол хүртсэнээс хойш зарим судлаач эрдэм шинжилгээний ажлаас хөндийрдөг. Бүтээлгүй эрдэмтнээс товойн ялгарахын тулд судалгааны ажил, тэгэхдээ чанартай ажил хийх хэрэгтэй болдог. Тэр судалгааны ажил гагцхүү чанартай байж л бусад эрдэмтний хувьд эшлэл авах эх сурвалж болдог. Учир нь сулхан бүтээлээс эшлэл авснаар эрдэмтэн өөрийн ажлыг үнэгүйдүүлэх нь бий.
АНУ-ын физикч, Калифорни мужийн Сан-Диего хотын их сургуулийн профессор Хорхе Хирш 2005 онд шинжлэх ухаан судлалын шинэ аргыг санал болгожээ. Эрдэм шинжилгээний нийтлэлийн тоо, эдгээрээс эшлэгдсэн байдлыг үндэс болгон эрдэмтэн, эрдэмтдийн баг, их сургууль, эсвэл улс орны бүтээмжийг тогтоох түүний боловсруулсан аргачлалыг h-индекс буюу Хиршийн индекс гэж нэрлэдэг.
Хиршийн индексээр өгүүллийн тоо бус, харин эшлэгдсэн байдал чухал ажээ. Тухайлбал: эрдэмтний нийтлүүлсэн h өгүүлэл тус бүрээс багаар бодоход h удаа эшлэл авсан бол түүний индекс нь h юм. Өөрөөр хэлбэл, эрдэм шинжилгээний 100 өгүүлэл нийтлүүлсэн, өгүүлэл тус бүрээс нь нэг удаа эшлэл авсан эрдэмтний индекс нь 1-тэй тэнцэнэ. Тэгвэл нэг өгүүлэл хэвлүүлсэн, түүнээс нь 100 удаа эшлэл авсан тохиолдолд тухайн эрдэмтний индекс нь мөн л 1 байх болно. Үүний нэг адил 10 өгүүлэл нийтлүүлсэн, тус бүрээс нь эрдэмтэд 10 удаа эшлэл авсан бол түүний индекс нь 1 байна.
Хиршийн индексийг амьдралд илүү ойр жишээн дээр үзье. Эрдэмтний бүтээл дотор 9 удаа эшлэгдсэн 1 өгүүлэл, 8-аас цөөнгүй удаа эшлэгдсэн 2 өгүүлэл (түүний дотор өмнө дурдсан 9 удаа эшлэгдсэн 1 өгүүлэл орно), 7-гоос цөөнгүй удаа эшлэгдсэн 3 өгүүлэл, 6-гаас цөөнгүй удаа эшлэгдсэн 4 өгүүлэл, 5-аас цөөнгүй удаа эшлэгдсэн 5 өгүүлэл,..., тус бүр нь 1-ээс цөөнгүй удаа эшлэгдсэн 9 өгүүлэл бий бол түүний h-индекс нь 5 юм. Учир нь түүний бичсэн 5 өгүүлэл тус бүрээс судлаачид дор хаяж 5 удаа эшлэл авсан байна.
Өөрөөр хэлбэл, тухайн эрдэмтний Хиршийн индексийг тогтоохын тулд түүний бичсэн өгүүллүүдийг эшлэгдсэн байдал нь буурах дарааллаар жагсаадаг. Үүний дараа дугаар нь эшлэгдсэн тоотой давцсан өгүүллийг олж тогтооно. Тэр бол Хиршийн индекс юм. Хиршийн индекс нь 20-той эрдэмтэн бол хамгийн багаар бодоход 20 өгүүлэл бичсэн, тэгэхдээ сүүлийн өгүүлэл нь 20-иос цөөнгүй удаа эшлэгдсэн байх ёстой. Өмнөх 19 өгүүлэл нь илүү олон удаа эшлэгдсэн байсан ч индексийг тогтооход үүрэггүй юм.
Хиршийн индекс нь тухайн судлаачийн шинжлэх ухааны бүтээмжид бусад тодорхойлолтыг бодвол (тухайлбал, эрдэм шинжилгээний бүтээлийн, эсвэл эшлэгдсэн байдлын нийт тоо) илүү бодитой үнэлгээ өгч чаддагаараа давуу талтай. Ялангуяа, нэг салбарт ажилладаг эрдэмтдийг чансаагаар нь жагсаахад энэхүү индекс тохиромжтой бөгөөд шинжлэх ухааны өөр өөр салбарт ажилладаг судлаачдыг жиших нь учир дутагдалтай. Судалгааны чиглэлийн онцлогоос хамаараад анагаах ухаан, эсвэл биологийн салбарт ажилладаг эрдэмтний бүтээл нь эшлэгдэх байдлаараа физикчийн бүтээлээс илүү байдаг. Түүнчлэн нийгмийн ухааны эрдэмтнийг h-индексээр нь байгалийн ухааны эрдэмтэнтэй зэрэгцүүлэх нь утгагүй юм. Ерөнхийдөө физикчийн h-индекс нь шинжлэх ухааны салбарт түүний ажилласан жилтэй тэнцдэг. Тэгвэл гайхамшигтай физикчийн хувьд энэхүү үзүүлэлт хоёр дахин их байдаг.
Хиршийн үзэж буйгаар, физикч АНУ-д судалгааны томоохон их сургуульд багшийн байнгын орон тоон дээр ажиллахын тулд h-индекс нь 10-12 байхад хангалттай, Америкийн физикийн нийгэмлэгт гишүүнээр элсэхийн тулд h-индекс нь 15-20 байхад хүрэлцээтэй. Харин 45 ба түүнээс дээш бол тэр судлаач АНУ-ын Шинжлэх ухааны үндэсний академид гишүүнээр элсэх эрх нь нээгдэнэ.
Хиршийн индексийг Интернет дэх шинжлэх ухаан судлалын Google Scholar, eLIBRARY.ru, ADS NASA зэрэг нийтэд хүртээмжтэй төлбөргүй мэдээллийн баазын тусламжтай ч, Scopus, ISI Web of Science зэрэг төлбөртэй мэдээллийн баазын тусламжтай ч тогтоож болдог. Гэхдээ ямар системийг ашиглаж байгаагаас хамаараад нэг судлаачийн h-индекс өөр өөр гардаг бөгөөд энэ нь ямар мэдээллийн баазуудыг хамардгаас шалтгаалдаг байна. Түүнээс гадна h-индексийг тогтоохдоо зохиогч (хамтран зохиогч) өөрийн бүтээлээс эшлэл авсан эсэхийг харгалзаж үздэг. Тухайлбал, Украины эрдэмтдийн чансааны жагсаалтыг гаргахад өөрийн бүтээлээс авсан эшлэлийг хайлтын систем тооцдоггүй.
Хиршийн индекс нь бусад индексийг бодвол илүү боловсронгуй, илүү бодитой ч дутагдлаас ангид биш юм. Нэгдүгээрт, эрдэм шинжилгээний өгүүлэл нь хэд хэдэн хүний хамтын бүтээл бол, өөрөөр хэлбэл, судлаачдын оролцоо харилцан адилгүй бол нэгдүгээр зохиогч, хоёрдугаар зохиогч гэж дараалалд оруулдаггүй. Хоёрдугаарт, эшлэлийн агуулгыг индекс тооцож чаддаггүй. Тухайлбал, нэг судлаачийн бүтээлээс өөр судлаач эшлэл авахдаа түүнийг шүүмжилсэн ч, санал нэг байгаагаа илэрхийлсэн ч адилхан тооцогддог. Гуравдугаарт, h-индексээр залуу эрдэмтдийн чансааг тогтоох боломжгүй. Орчин үеийн дээд алгебрыг үндэслэгч, Францын агуу математикч Эварист Галуа 20 насандаа алагдсан учир түүний h-индекс 2 хэвээрээ үлджээ. Дөрөвдүгээрт, тухайн цаг үед шинжлэх ухааны аль салбар эрэлттэй, олны анхаарал татаж байгаагаас индекс ихээхэн хамаардаг.
Гэсэн хэдий ч Хиршийн индексийг дэлхийн олон оронд эрдэмтдийн чансааг тогтооход ашиглаж байгаа бөгөөд одоогийн байдлаар илүү төгс арга боловсруулагдаагүй байна.
МУИС олон улсын жишигт нийцсэн түлхүүр үзүүлэлт дээр тулгуурлан өөрийн судалгааны ажлын өнөөгийн бодит түвшинг үнэлэх, цаашид чансаагаа ахиулах зорилт тавин ажиллаж байна. Олон улсын жишгээр авч үзвэл, аливаа их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн судалгааны ажлын чансааг тогтоох, эрэмбэлэхдээ импакт-фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлийн тоо, тэдгээрийн эшлэгдсэн байдал, авсан патентууд, тэдгээрийг эдийн засаг, нийгмийн эргэлтэнд оруулсан байдал, хэрэгжүүлж байгаа судалгааны төслийн мөнгөн дүн, тухайн байгууллагын төсөвт түүний эзлэх хувь зэрэг түлхүүр үзүүлэлтүүдийг ашигладаг. МУИС 2011 оноос дэлхийн нэр хүндтэй Томсон-Ройтерсийн Web of Knowledge мэдээллийн санг төлбөртэй ашиглаж эхэлсэн нь өөрийн бүрэлдэхүүн сургууль, судалгааны төв, судлаачид ямар чиглэлээр олон улсын түвшинд хүрсэн судалгаа явуулж байгааг цаг тухайд нь мэдэх боломж олгож байгаа билээ.
2012-2013 оны хичээлийн жил (2012 оны 8-р сарын 31-нээс 2013 оны 9-р сарын 1)-д МУИС-ийн багш, судлаачид Томсон-Ройтерсийн мэдээллийн санд 48 бүтээл бүртгүүлсний 39 нь мэргэжлийн сэтгүүлийн өгүүлэл (article), 3 нь хурлын өгүүлэл (proceedings paper), 3 нь судалгааны тойм өгүүлэл (review), 1 нь хурлын хураангуй (meeting abstract), 1 нь редакцийн материал (editorial material), 1 нь захиа (letter) байна.
МУИС-ийн судалгааны ажлын хүрсэн түвшин, чанарыг ШУА, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, МУБИС зэрэг дотоодын сургалт, судалгааны байгууллагуудтай харьцуулах зорилгоор тэдгээр байгууллагын 2012-2013 оны хичээлийн жилд хэвлүүлсэн Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийг шүүхэд дараах дүр зураг гарчээ.

ШУА, МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, МУБИС-ийн
2012-2013 оны хичээлийн жилд хэвлүүлсэн
Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо, эзлэх жин

Байгууллагын нэр
Бүтээлийн тоо
Эзлэх жин (%)
1
МУИС
48
31
2
ШУА
46
30
3
ШУТИС
33
21
4
ЭМШУИС
18
12
5
ХААИС
8
5
6
МУБИС
2
1

Энэхүү хүснэгтийг эш үндэс болгоод «МУИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн тайлан»-д: «Манай улсад хийгдэж байгаа судалгааны ажлын 31 хувийг МУИС дангаараа, 38 хувийг [зүй нь 39 хувь — зох.] бусад төрийн өмчийн их сургуулиуд, 30 хувийг ШУА гүйцэтгэж байгааг дээрхи хүснэгтээс харж болох юм» гэж дүгнэсэн нь дэгсдүүлсэн хэрэг болжээ. Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгүүлээгүй л бол судалгааны ажил биш болдог мэт ойлголт төрж байна. Цаашлаад олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн 28 хүнээс өөр судлаач МУИС-д байдаггүй гэсэн өнгө аяс ч цухалзаж буй. 31 хувь бол 2012-2013 оны хичээлийн жилд Монголын судлаачдын хэвлүүлсэн Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлд МУИС-ийн багш нарын эзлэх жин юм. Түүнээс биш энэхүү үзүүлэлт нь (31 хувь) манай улсад хийгдэж байгаа судалгааны ажлын 31 хувийг МУИС дангаараа гүйцэтгэж байгааг илтгэхгүй.
2014 оны 1-р сарын 1-нээс МУИС цалингийн шинэ системд шилжих гэж байгаатай холбоотойгоор судлаач, багш нараас Томсон-Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй бүтээл хэвлүүлэхийг шаардаж байна. Тодруулбал, ингэж чадсан багш илүү өндөр цалин авах ажээ. Гэтэл нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр судалгаа явуулдаг багш, судлаачдын хувьд энэ нь боломжгүй учир ихээхэн маргаан дэгдээгээд байна.
Өнөөдөр Монголд хэвлэгдэж байгаа мэргэжлийн сэтгүүлүүдийн нэгдсэн мэдээллийн сан алга. Тиймээс МУИС-ийн судлаачдын бүтээлээ хэвлүүлж байгаа дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн чансаа, эшлэгдсэн байдал зэргийг тодорхойлох боломж одоогоор байхгүй байна. МУИС-ийн хэмжээнд шинжлэх ухааны 17 чиглэлээр мэргэжлийн сэтгүүлийн редакцийн зөвлөл ажилладгаас 12 нь олон улсын International Standart Serial Number (ISSN) дугаар авчээ. Биологи, биотехнологийн сургуулийн  «Mongolian Journal of Biological Sciences» нь 10 жил англи хэлээр тасралтгүй хэвлэгдэж, Монгол улсаас Томсон-Ройтерсийн Journal Citation Report (JCR)-д бүртгэлтэй цорын ганц сэтгүүл ажээ. Иймд МУИС-ийн удирдлагын зүгээс бусад сэтгүүлийн редакцийн зөвлөлүүдэд олон улсын дугаар авснаар сэтгэл ханах бус, чанартай бүтээлүүд хэвлэх, олон улсын шинжлэх ухааны сүлжээнд хамрагдах талаар санаачилгатай ажиллах шаардлага тавьж байна.

Эшлэл

1 http://cssci.nju.edu.cn/ecssci.htm
2 eLIBRARY.ru
3 http://www.strf.ru/material.aspx?CatalogId=347&d_no=14318#.Ul3J7VNU6cI
4 http://www.polit.ru/article/2009/12/10/index1/
5 http://q-uadrat.livejournal.com/4768.html
6 МУИС-ийн 2012-2013 оны хичээлийн жилийн тайлан. УБ.,2013, 25 дахь тал.
7 Мөн тэнд, 31 дэх тал.
8 Мөн тэнд, 32 дахь тал.

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More