Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөө батлагдаад хэрэгжүүллийн хоёрдахь шатандаа ороод явж байна. Уг төлөвлөгөөний хэрэгжилтэнд 2012 оны намар хийсэн хөндлөнгийн үнэлгээ, тус үнэлгээг хийсэн багийн тайлангаас үзвэл ХИС-ийн сургалтын үйл ажиллагааг чанаржуулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй цогц арга хэмжээг санхүүгийн зохих эх үүсвэрээр хангаж дэс дараатай авах шаардлага нэгэнт тулгамдсан зорилт болсон байна.
ХИС-ийн захиргааны зөвлөлөөс энэ чиглэлд анхаарч 2012-2013 оны хичээлийн жилд хэлэлцэх асуудлын хүрээнд цөөнгүй ажил тусгажээ. Гэвч эдгээр асуудлыг нэгтгэн зангидах шугам, хариуцлагын төв, хэрэгжүүлэгч хүний нөөцийн асуудлыг шууд шийдэх боломжгүй буюу бэлэн бус байгааг анхаарч дараахи саналыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Манай хойт болон өмнөт хөршийн их дээд сургуулиудад чанарын менежментийг чухалчлан ISO төрлийн сертификат (ISO 9001 зэрэг) авах, их дээд сургууль дундын сүлжээ байгуулах зэргээр идэвхитэй ажиллаж, эдгээр орны засгийн газраас судалгааг мэргэжлийн боловсролын бүтээмж олгох чадамжтай холбоход зориулан санхүүгийн өргөн дэмжлэг үзүүлж байна. Манай оронд ч МУИС, ШУТИС зэрэг сургуулиуд өөрсдийгөө антрепренёр байгууллага болгоно хэмээн зарлаж , “5 С-ийн бодлого”, “Үр дүнд суурилсан менежмент” нэвтрүүлэх туршилт хэрэгжүүлж байна. Эдгээр өөрчлөлтийг тухайн байгууллагад авч ирэгч гол хүчин нь хүний нөөц буюу БАГШ юм. Иймд ХИС ч гэсэн багш руу хандсан, багшийн үйл ажиллагааг багшид мэдрэгдхүйцээр дэмжсэн арга хэмжээ авах шаардлагатай боллоо. Ийм арга хэмжээний нэг нь тухайн мэргэжлийн багш нарын хамтлагыг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болдог “Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл” буюу мэргэжлийн профессурын өөрийн үнэлгээний тайлан байгаа тул энэ үйл ажиллагааг багшийн хөдөлмөрийн үнэлгээтэй хослуулах, өөрөөр хэлбэл, санхүүгийн механизмаар давхар дэмжин хэрэгжүүлэх боломж байгааг ойрын нэгээс хоёр жилд багтаан ашиглах нь зүйтэй байна.
2. Их дээд сургуулиуд мэдлэг бүтээгч, түгээгч байгууллага төдийгүй МЭДЛЭГЭН УДИРДЛАГАТАЙ байгууллага болж стратеги, тактикийн ач холбогдолтой аливаа арга хэмжээг мэдлэгт суурилсан фирмийн загвар (Knowledge Based View . KBV) -ыг харгалзан өөрийн байгууллагын хөгжилд тусгах, хэрэгжүүлэхэд анхаарах болжээ. Энэ хүрээнд ISO 9001:2000, JIS/TR Q 0005:2005 стандартуудыг өөрсдийн үйл ажиллагаанд чанарын ахиц дэвшил гаргах түлхүүр болгон ашиглаж байна. Тухайлбал, Чанарын удирдлагыг хэрэгжүүлэх явц нь тухайн байгууллагын амьдрах |өрсөлдөх| чадварыг баталгаажуулж байх, үүнд:
-салбарын ажил олгогчид, хэрэглэгчдийн хүлээлтэнд нийцэж салбарын стандартыг баримталж чанартай үйл ажиллагаа явуулж байгаа нь төгсгөн гаргаж буй мэргэжилтнээрээ батлагдаж байх, жишээ нь, ажил эрхлэлтийн судалгаа, төгсөгчдийн эрхэлсэн ажил үүргийн рейтингийн талаарх мэдээллийн нээлттэй байдал,
-хэрэглэгчийн хувьсаж байгаа хүлээлтийг мэдрэн түүнд зохицсон хариу үйл ажиллагаа – сургалт явуулж эрэлт хэрэгцээг дэмжиж байгаа байдал,
-уламжлал болсон хэрэгцээ буюу үйл ажиллагаагаа шинэ төрлийн ажил үйлчилгээгээр баяжуулж, нөхөж байгаа байдал,
-шинээр буй болж буй мэргэжлийн эрэлт хэрэгцээг үйл ажиллагаандаа шуурхай тусгаж бүтээгдэхүүнийхээ салшгүй хэсэгт багтааж чадаж байгаа байдал зэрэг орж байна.
Иймд ХИС-ийн хүний нөөцийг хөгжүүлэх төлөвлөгөөг тухайн тэнхим, салбарын профессорын үйл ажиллагааны нэгдмэл үр дүнтэй холбохын зэрэгцээ тухайлсан нэг багшийн эрхэлсэн ажлын мэргэжлийн үнэлэлт-аттетестачлалтай холбох талаар хэлэлцүүлэг хийх, жишээ нь, ийм хэлэлцүүлгээр дамжуулан нийт багш нар хүлээн зөвшөөрсөн нэгдмэл байр суурь гаргах, тэдний бүтээх идэвхийг ажиллах үнэмшлээр нь дамжуулан төрүүлэх механизм бий болгох, ийнхүү илрүүлсэн чадвартай багшийг тогтворжуулж хадгалах, улмаар багшийн мэдлэгийг электрон зөөгчид шилжүүлэх, хүнийшүүлэх замаар уламжлуулан авч үлдэх, залгамжлуулах боломж байгааг ашиглах хэрэгтэй байна.
3. Дээрхи хоёр асуудлыг нэгтгэн авч үзэж багшийн одоогийн дүр төрхийг өөрчлөх, тухайлбал, мэргэжилтэн бэлтгэхэд оролцож байгаа гол хөдөлмөр: -сургах, сурах, үнэлэх үйл ажиллагааг нь өөрчлөх, ийм өөрчлөлтөөр багшийн хөдөлмөрлөх үнэмшил болон хөдөлмөрөө үнэлүүлснээр хүрдэг нэр төрийн болон материаллаг урамшил нь бодитой байгааг бататгаж байдаг нөхцөл бүрдүүлбэл багш өөрөө санаачлагатай бас хариуцлагатай ажиллах эрмэлзлэлийг шинэ түвшинд гаргаж чадна. Ингэснээр сургалт-судалгаа-үйлчилгээний ажилд чанарын ахиц олж чадна гэдэг нь ШУТИС-ийн туршлагаар нотлогдож байна. Багшийн үйл ажиллагааны өөрчлөлт нь их дээд сургуулийн хувьд хамгийн хэцүү өөрчлөлт, тэгэхдээ гадаадын туршлага гэхээс илүүтэй тухайн микро орчныг илүү тусгах шаардлагатай тул аль нэг тэргүүний байгууллага, хөгжил цэцэглэлттэй газраас, ер нь энд тэндээс зээлж болдоггүй өөрчлөлт юм. Учир нь тухайн байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн чанарыг мэдлэгээр удирдах төв нь ажиллагч буюу багш байгаа, тэгэхдээ энэ багшийн үйл ажиллагааны агуулгыг солих гэж байгаа нөхцөл нь гаднаас шуудхан хуулбарлах боломжийг хааж байгаа зүйл тул сургалтын байгууллага бүр өөрийн хувилбарыг олж шийдэх ёстой байна.
ХИС-д чанарын өөрчлөлт авч ирэх гол хүчин зүйл төдийгүй багшийн үйл ажиллагаанд өөрчлөлт авч ирэх нэг суурь боломж-хөтөлбөрийн үнэлгээг боловсронгуй болгох асуудлыг хүний нөөцийн талаас нь чанарын стандарттай хамтатган авч үзвэл товчдоо ийм байна. Энд хөндсөн асуудлыг багштай байгуулах хөдөлмөрийн гэрээнд хэрхэн тусгах талаар боловсруулалт хийхэд ч багш нарын дунд өргөн хэлэлцүүлгэ явуулах ажил дараах ач холбогдолтой болох юм. Үүнд:
• ХИС-ийн сургалтын үйл ажиллагааг чанаржуулахад чиглэсэн шинжлэх ухааны үндэстэй цогц арга хэмжээг авах шаардлага нэгэнт тулгамдсан зорилт байгааг багш өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа багтаан оруулж саналаа гаргах,
• Хэлэлцүүлгийн явцад шинжлэх ухааны үндэстэй цогц арга хэмжээг хэрэгжүүлэгч хүч-багш өөрөө уг асуудлыг шийдэхэд хэрхэн оролцох талаасаа бэлтгэгдэж байгаа, ингэснээр сургалтын чанарын удирдлагыг хэрэгжүүлэх багш нарт сэтгэл зүйн бэлтгэлтэй болж, хөдөлмөрийн үнэлгээ, ажиллах чиглэлээ тодорхойлоход биечлэн оролцсоноороо багш нар уг ажлыг хариуцахад бэлэн болж байгааг тус тус тэмдэглэмээр байна.
Бидний саналыг анхаарч танилцсан Танд баярлалаа.
Wednesday, April 10, 2013
Хөтөлбөрийн үнэлгээг боловсронгуй болгоход манай сургуулиас анхаарах зарим асуудалд
Т.Төрбат –Хэл, соёлын сургуулийн захирал, доктор, профессор
0 comments:
Post a Comment