Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийн багш, доктор
Их, дээд сургуулийн эрэмбэ, сургалтын чанарын хүрээнд хэвлэгдэн гарч буй тус сэтгүүлийн энэ дугаарт судлаач миний бие дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаар товч мэдээлэл өгөх, тэдгээр шалгуур үзүүлэлтүүд нь манай орны их, дээд сургуулиуд нэн ялангуяа ХИС-ийн хувьд хэрхэн тусгалаа олох боломжтой талаар өөрийн саналыг, Сиднэй их сургуулийн туршлагатай харьцуулан та бүхэнд хүргэхийг зорьлоо.
Дээд боловсролын чанар, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ нь хоорондоо уялдаатай хэдий ч, шилдэг их сургуулийн тоонд багтах нь сургалтын чанарыг бүрэн тодорхойлно гэж хэлэх боломжгүй юм. Учир нь дэлхийн шилдэг их сургуулиудыг шалгаруулах хэд хэдэн шинжээчдийн баг өөрсдийн судалгаанд үндэслэж, жил бүр шилдэг их, дээд сургуулиудыг зарладаг. Тэдгээрийн судалгаандаа ашиглаж буй аргачлал, шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо ялгаатай төдийгүй бүх их сургуулиудад баримтлах боломжгүй байдаг. Түүнчлэн ихэнх тохиолдолд шилдэг 100 эсвэл 500 их сургуулийг эрэмбэлж байгаа нь тухайн эрэмбэд багтаагүй их сургуулиудын чанарыг хэрхэн тодорхойлох, эхний 100-д багтах эсвэл 200-д багтах нь чанарын үнэлгээнд ялгаатай байх эсэх талаар судлаачид асуудал дэвшүүлсээр байна.
2012-2013 оны дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлсэн мэдээллийг харвал ARWU (Academic ranking of world universities) –c гаргасан эрэмбээр дэлхийн шилдэг 500 их сургуулийг Харвардын их сургууль тэргүүлсэн байхад, Times Higher Education World University Rankings –н эрэмбээр Калифорни Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль дөрөвт тус тус эрэмбэлэгдсэн байна. Харин QS World University Rankings- н эрэмбээр Масачустс Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль гуравт эрэмбэлэгджээ. (Ерөнхий үзүүлэлтээр гаргасан энэхүү эрэмбээс гадна шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргасан эрэмбүүд бий). Их, дээд сургуулиудыг ямар шалгуураар, хэн, хэзээ, хэрхэн яаж эрэмбэлж байгаа талаар авч үзье.
I. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаарх тойм
1983 онд АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалт анх удаа U.S News & World Report –д хэвлэгдсэнээр их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудал нь олон нийтийн анхаарлыг ихээр татжээ. Үүнээс хойш нэлээд хэдэн орны томоохон хэвлэлүүд дотоодын их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээллийг нь олон нийтэд хүргэж эхэлсэн байна. Үүнд Их Британийн The Times, The Guardian. Канадын Maclean’s, Европын The Times, Азийн Asiaweek зэрэг мэдээллийн хэрэгслийг дурьдаж болно. Одоогоор их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээлэл нь дэлхий нийтэд танигдсан 3 шинжээчдийн баг байна. Эдгээр эх сурвалжийн талаар болон баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг харъя.
1. ARWU (Academic Ranking of World Universities)
ARWU гэсэн нэрээр олонд танигдсан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох судалгааны баг нь БНХАУ-ын Shanghai Jiao Tong их сургуулийн Дээд Боловсролын Хүрээлэнд хамаардаг. ARWU нь их, дээд сургуулийн эрэмбийг байгалийн шинжлэх ухаан болон математикийн салбар (Natural sciences and mathematics -SCI), инженер, технологийн болон компьютерийн шинжлэх ухаан (Engineering/technology and computer sciences -ENG), Амьд организм болон хөдөө аж ахуйн шинжлэх ухаан (Life and agriculture sciences -LIFE), Анагаах болон эм зүйн салбар (Clinical medicine and pharmacy- MED), нийгмийн шинжлэх ухаан (Social Sciences -SOC) гэсэн 5 салбараар гаргадаг. ARWU нь академик сургалт болон судалгааны ажлын гүйцэтгэлд үндсэн 6 үзүүлэлтийг баримталж их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг байна.
1. Тухайн их сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал -10%
2. Тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдаас Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал- 20%
3. 21 салбар судлагдахууны хүрээнд хамгийн их ишлэл болсон судалгааны ажил- 20%
4. Nature and Science (N & S)- д хэвлэгдсэн өгүүлэл- 20%
5. Шинжлэх ухааны бүтээлийн ишлэлийн индекс (Science Citation Index- SCI) Нийгмийн шинжлэх ухаааны бүтээлийн ишлэлийн индэкс (Social Science Citation Index- PUB)- багтсан өгүүлэл- 20%
6. Тухайн их сургуулийн нэг хүнд ноогдох үзүүлэлт (дээрх 5 үзүүлэлтийн нийлбэрийг тухайн сургуулийн нийт багш, эрдэмтдийн тоонд хуваана) -10%
Хамгийн сүүлийн мэдээгээр дээр дурьдагдсан үндсэн 6 шалгуур үзүүлэлт дээр шинжлэх ухааны салбар тус бүрд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний шилдэг 20 сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо болон инженерийн салбарын судалгаанд зарцуулсан хөрөнгө гэсэн хоёр үзүүлэлт нэмэгдэж байгаа юм байна.
2. Times Higher Education World University Ranking
Британийн Times Higher Education сэтгүүлээс гаргадаг энэхүү их, дээд сургуулийн эрэмбэ нь Thomson Reuthers - ийн ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийн баазад түшиглэдэг байна. Ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр их, дээд сургуулийг эрэмбэлэх бөгөөд сургалт, судалгаа, мэдлэгийн хөрвөлт, олон улсын түвшинд үнэлэгдэх байдал зэргийг багтаадаг судалгаа юм.
Шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан үзвэл:
Ерөнхий үзүүлэлт
|
Нарийвчилсан үзүүлэлт
|
Эзлэх хувь
|
Үйлдвэрлэлийн орлого- Инноваци
|
·
Үйлдвэрлэлд нэвтэрсэн
судалгааны ажлаас орж ирэх орлого (багш, судлаач нэг бүрт ноогдох)
|
·
2.5%
|
Олон улсад танигдсан байдал
|
·
Тухайн их сургуульд
ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн тоог
дотоодын эрдэмтэн, судлаачдтай харьцуулсан тоон үзлүүлэлт
·
Тухайн их сургуульд
суралцаж байгаа гадаад оюутны тоог дотоодын оюутны тоотой харьцуулсан тоон үзүүлэлт
|
·
3%
·
2%
|
Сургалт - сурах орчин
|
·
Нэр хүндийн судалгаа
(сургалтын талаар)
·
Боловсролын доктор
(Нэг багшид ноогдох)
·
Бакалаврын сургалтад элсэгчдийн тоо (нэг
багшид ноогдох )
·
Нэг багшид ноогдох
орлого
·
Бэлтгэн гаргаж буй
бакалавр болон боловсролын докторын тоо
|
·
15%
·
6%
·
4.5%
·
2.25%
·
2.25%
|
Судалгаа-цар хүрээ, орлого, нэр
хүнд
|
·
Нэр хүндийн судалгаа
(судалгааны ажлын талаар)
·
Судалгаана ажлын орлого
·
Багш, судлаач нэг бүрт ноогдох өгүүлэлийн тоо
·
Олон нийтийг хамарсан
судалгааны ажлын
орлого/нийт судалгааны орлого
|
·
19.5%
·
5.25%
·
4.5%
·
0.75%
|
Ишлэл бүтээл- Судалгааны ажлын
нөлөө
|
·
Ишлэл болсон бүтээл
|
·
32.5%
|
3. QS World University Rankings
QS (Quacquarelli Symonds) нь дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ, бүс нутгаар нь эрэмбэлдэг. 2004-2009 оны хооронд Times Higher Education- тэй хамтран ажиллаж байсан. Одоо мэдээллээ бие даан гаргаж байна. QS нь их, дээд сургуулийн эрэмбийг тогтоохдоо үндсэн 5 шалгуур үзүүлэлтийг баримталдаг. QS-ийн нэг давуу тал нь бий болсон мэдээлийн санд түшиглэхээс гадна өөрсдөө судалгаа явуулж зарим мэдээллийг олж авдагаараа бусдаасаа ялгардаг.
1. Академик үнэлгээ -40%
Тухайн салбарт ажиллаж буй мэргэжил нэгтэй, салбартай хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдаас их, дээд сургуулиудын талаар судалгаа авдаг. Тухайн судалгаанд оролцож саналаа өгсөн эрдэмтдийн ерөнхий мэдээлэл (нэрс, эрхэлж буй албан тушаал, бүс нутаг) олон нийтэд ил тод байдаг.
2. Факультат, оюутны тооны харьцаа -20%
Тухайн факультатын бакалавр, магистр, доктортантурт суралцаж буй оюутны тоо, хэдэн үндсэн багштай талаарх мэдээлэлд анализ хийх энэхүү аргачлал нь олон судалгаанд мэдээллийн эх сурвалж болдог. Нэг багшид ноогдох оюутны тооны харьцаа тухайн багшийн ажилдаа хандах байдал, үр дүнтэй ажиллаж чадах эсэх талаарх мэдээллийг өгөх үзүүлэлт болно гэж үздэг.
3. Ишлэл болсон бүтээлийн факультатад ноогдох хэмжээ -20%
QS нь 2004-2009 оны хооронд ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийг Thomson Reuthers- ийн мэдээллийн баазад түшиглэж байсан бол сүүлийн жилүүдэд Scopus болон Elsiver мэдээллийг ашиглаж байна. Энэхүү арга нь сүүлийн таван жилд ишлэл болж байгаа бүтээлийн тоог нийт ажиллаж байгаа багш, эрдэмтдийн тоонд хуваадаг байна.
4. Ажил олгогчийн үнэлгээ -10%
Төгсөгчдийг ямар байгууллага, ямар шалгуурын үндсэн дээр ажилд авч байгаад хийдэг судалгаа. Энэ нь академик үнэлгээний аргачлалтай нэгэн адил ажил олгогч нарыг судалгаанд хамруулснаар мэдээллийг олж авдаг.
5. Гадаад харилцаа -10%
Тухайн их, дээд сургуулийн олон улсад хэрхэн нээлттэй болсон байгаад дүгнэлт хийдэг. Өөрөөр хэлбэл багш, эрдэмтдийн хэдэн хувийг олон улсын эрдэмтэн судлаачид эзэлж байна, хэдэн орны оюутан суралцаж байгаа зэрэг мэдээлэлд анализ хийдэг байна.
ARWU, Times Higher Education, QS нь дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудлын хүрээнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийн багууд юм.
II. Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудлыг тойрсон шүүмжлэл
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг хэн, хэрхэн эрэмбэлдэг талаар бид авч үзлээ. Шинжээчдийн баг өөрсдийн боловсруулсан шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд шилдэг их, дээд сургуулиудын эрэмбийг гаргаж түүнийгээ олон нийтэд танилцуулж байгаа нь нэг талаас дэлхийн олон их, сургуулиудын талаарх мэдээллийг нэг дороос авч болох боломжийг хэрэглэгчдэд олгох, өөрсдийн сургуулийг хэрхэн эрэмбэлэгдэж байгааг анхаарч цаашдаа хэрхэн ажиллах талаарх стратеги боловсруулах талаар их сургуулиудын удирдлагад санаа өгөх, бодлого боловсруулагчид болон засгийн газруудад аль сургуулийн судалгаанд санхүүгийн дэмжлэг олгох талаар шийдвэр гаргах зэргээр нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэх болжээ. Гэвч их, дээд сургуулиудыг эрэмбэлж буй асуудал, хэрэглэж буй аргачлалын талаар судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлж, шүүмжлэх нь олонтой.
Мэдээлэл олж авах ба боловсруулах үйл явцын талаар
Их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоож байгаа үндсэн гурван эх сурвалжийн тухай бид авч үзсэн. Тэдгээр нь өөр хоорондоо ялгаатай шалгуур үзүүлэлтийг баримталж байна. Шалгуур үзүүлэлтэд ашиглаж байгаа мэдээ, баримтыг тухайн их, дээд сургуулиудтай харьцаж авахаас илүү хөндлөнгийн байгууллагаас мөн томоохон агентлагуудын мэдээллийн баазад байгаа баримтад тулгуурлаж анализ хийж байна. Энэ нь судлаачдын зүгээс дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явц нь оролт (элсэгчид, багш, эрдэмтдийн тоо), гаралт (шалгалтын оноо, төгсөгчид, судалгааны ажлын үр дүн) илүү анхаарч явц (сурах орчин, судалгааны ажлын болон хөгжлийн явц, шинэчлэл) болон үр дүнд (оюутны чадвар, чадамж, хөдөлмөрийн зах зээл дээр эзэлж буй байр суурь) зэргийг төдийлөн анхаарахгүй байна. Тиймээс эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн оновчтой, үр дүнтэй болгох талаар судлаачид, шинжээчид анхаарал хандуулж, асуудал дэвшүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
Ишлэл болсон бүтээлийн талаар
Их, дээд сургуулийг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг бол тухайн сургуулийн эрдэмтдийн бүтээл, судалгааны ажил билээ. Энэ ч утгаараа дээрх эх сурвалжуудын шалгуур үзүүлэлтэнд ишлэл болж буй бүтээлийн эзлэх хувь өндөр байдаг. Гэвч одоогийн байдлаар энэ нь зөвхөн англи хэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажилд анализ хийх төдий байгааг олон судлаачид шүүмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон арван эрдэмтдийн эх хэлээрээ бичсэн судалгааны ажил огт үнэлэгдэхгүй байгаа юм. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоогоор шийдэлд хүрээгүй байна.
Эдийн засгийн нөлөөлөл
Улс орнуудын эдийн засгийн байдал тухайн улсын их, дээд сургуулиудын сургалт, судалгаанд шууд нөлөөлдөг. Хөгжиж буй орнуудын их, дээд сургуулиудын сургалтад хэрэглэгдэж буй техник, технологи, судалгаанд зарцуулах хөрөнгө зэргээрээ хөгжингүй орнуудын их сургуулиудтай өрсөлдөхөд асар ялгаатай байх нь ойлгомжтой. Тийм ч учраас дэлхийн шилдэг их сргуулиудын жагсаалтад АНУ, Их Британийн их сургуулиуд өндөр хувь эзэлж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн байдал нь тухайн их сургуулийн олон улсад нээлттэй байх, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаад оюутнуудыг сургах зэрэг асуудалд шууд нөлөөлөх хүчин зүйл болно. Гадаадын нэртэй эрдэмтэд, судлаачдыг урьж ажиллуулах бололцоо хөгжиж буй орнуудын их сургуулиудад туйлын бага, түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг гадаад оюутнуудын анхаарлыг татах бололцоо ховор тул оюутнууд хөгжилтэй орны их сургуулиудыг сонгон суралцдаг. Харин эдийн засгийн чадамжтай улс орон эдгээр асуудлыг төвөггүй зохицуулж чадаж байгааг Япон улсын жишээнээс харж болно. Япон улс дээд боловсролын салбартаа шинэчлэл хийх, улмаар дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтах талаар олон арга хэмжээ авч ажиллаж байгаагийн нэг нь гадаад оюутны тоог 2020 гэхэд 300000 хүргэх зорилт тавьжээ.Үүний тулд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж гадаад оюутнуудынхаа тоог нэмж байгаа юм.
III. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд нь Монгол улсын их, дээд сургуулиудын хөгжилд түлхэц болох тухай
Монгол улсын их, дээд сургуулиуд Азийн цаашлаад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэд дээгүүр жагсахын тулд нэлээд хэдэн жилийн төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай. Шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд ямар асуудалд илүү анхаарах хэрэгтэй талаар ХИС-ийн жишээн дээр авч үзье.
1. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай
Энэ хүрээнд цогц үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байна. Учир нь техник, технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөрийг онлайн хэлбэрээр сонгон сурах боломж нээлттэй болсон. Олон улсын хөрөнгө оруулалттай их, дээд сургуулиуд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Азийн болон дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад сурах санхүүгийн боломжтой хэрэглэгчдийн тоо өсч байна.
Ийм нөхцөлд бид уламжлал болгон баримталж ирсэн хөтөлбөрүүдийг эргэн харах шаардлагатай. Улмаар өөрсдийн брэнд хөтөлбөрүүдийг санал болгож хэрэглэгчийг татах нь зүйтэй болов уу?. ХИС-ийн брэнд сургалт бол яах аргагүй гадаад хэлний сургалт, үүгээрээ ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч энэ нэр хүндийг цаашид хадгалах мөн их сургууль гэдэг утгаарааа бусад мэргэжлүүдийг олонд таниулахын тулд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд зайлшгүй анхаарах хэрэгтэй.
Сургалтын хөтөлбөрийн хүрээнд агуулгын өөрчлөлтийг хийхийн зэрэгцээ кредит тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Сургалтын хөтөлбөрийг агуулгын түвшинд авч үзвэл мэргэжил тус бүр дээр анхаарах тодорхой зүйлс байх нь ойлгомжтой. Гэвч ерөнхийд нь авч үзвэл, орчин цагт тухайн мэргэжил эзэмшиж буй суралцагч ямар мэдлэгийг, ямар түвшинд эзэмшсэн байх шаардлага тулгарч буй талаар судалгаанд үндэслэх хэрэгтэй.
Жишээ нь: Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, Суралцагчдын сэтгэлзүйн онцлог сургалтанд нөлөөлөх тухай, Орчин цагийн боловсрол судлалын чиг хандлага, нийгэм ба хүмүүсийн харилцаа, боловсролын салбарын шинэчлэл зэрэг олон хөтөлбөрийг санал болгож болох юм. Орчин цагт эдгээр асуудлыг мэдэхгүйгээр боловсролын салбарт ажиллах боломжгүй болжээ. Товчоор хэлбэл боловсролын салбарын дотоод болон гадаад өрсөлдөөний талбарт бид санал болгож буй хөтөлбөрөөрөө өрсөлдөх шаардлагатай байна.
Харин тэдгээр хөтөлбөрүүдийг сонгон суралцах боломжийг кредит системийг бүрэн хэрэгжүүлснээр хангах боломжтой болно. Үүний үр дүнд суралцагч оноосон хэдэн тооны хичээлийг судлах биш заавал судлахаас гадна ирээдүйн ажил мэргэжлийн хэрэгцээнд тулгуурлаж хөтөлбөрүүдийг сонгон судлах боломж бүрдэнэ. Улмаар энэ нь тухайн сургуулийн хөтөлбөрийг бусад их сургуулиас ялгаж өгөх онцлог болох юм.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуурт магистр, докторын оюутнуудын тоо чухал үзүүлэлт болсон байдаг. Нөгөө талаас олон суралцагч хамруулснаар амжилт гаргах төгсөгчдийн тоо нэмэгдэх магадлал өндөр тул анхаарал зайлшгүй хандуулах шаардлагатай. Тиймээс энэхүү кредит системийг магистрын сургалтад илүү хэрэгжүүлэх боломжтой юм. Магистр, докторын сургалтад хувь хүний сонголт илүү нөлөөлдөг. ХИС-ийг сонгон магистр, докторын сургалтанд суралцагчдын ихэнх нь хэлшинжлэл, боловсрол судлалын (нэн ялангуяа гадаад хэлний заах аргазүй) салбарт байдаг. Тиймээс ‘Боловсрол судлал’ гэдэг ерөнхий нэрийн доор бид олон хөтөлбөр санал болгож түүгээрээ бусад их сургуулиудаас ялгарах боломжтой. Жишээлбэл: Сидней их сургууль ‘Боловсрол судлалын магистр - ... чиглэлээр мэргэшсэн’ гэсэн диплом олгодог. Мэргэшүүлэх чиглэл нь маш өргөн хүрээг хамарч чаддаг, боловсролын удирдлага, манлайлал, судалгааны аргазүй (энэ нь боловсролын салбарт судалгаа хэрхэн хийх талаар мэргэшүүлдэг тул ихэнхдээ боловсролын яам, бодлогын газарт судлаач, шинжээчээр ажиллах хүмүүс суралцдаг), олон улсын боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол ... гэх мэт. Хөтөлбөрүүдийг ингэж нарийвчилж, орчин цагийн хэрэгцээтэй уялдуулснаар илүү олон суралцагчдыг татах боломж бүрддэг.
Манай их, дээд сургуулиудын жишгийг харахад санал болгож буй хөтөлбөрүүд нь хоорондоо бараг адил байдаг тул оюутнууд хөтөлбөрийг сонгохоос илүүтэйгээр тухайн сургуулийн нэр хүндийг харж, сонголтоо хийх нь ажиглагддаг. Түүнчлэн санал болгох хөтөлбөрүүдийг нарийвчлан, өргөжүүлснээр багшлах боловсон хүчин хүрэлцэхгүй гэх шалтгаанаар ерөнхий хөтөлбөр санал болгодог байх талтай. Гэвч их сургууль гэдэг байгаа нөөцөндөө тааруулж ажиллах биш байж болох боломжийг эрэлхийлж ажиллах ёстой.
Дэлхийн нэртэй их сургуулиуд сургалтандаа үндсэн багш, судлаач, эрдэмтэдээс гадна тухайн салбарт мэргэшсэн, чадварлаг мэргэжилтэнг урьж ажиллуулдаг. Тэр ч утгаараа маш олон сургалтыг санал болгож чаддаг байна. Магистр, докторын сургалтад хамрагдаж буй суралцагчийн бие даан, судалгаа хийхэд нь тухайн мэргэшсэн судлаач, мэргэжилтэн нарын өгөх мэдлэг ач холбогдолтой байж болох юм. Жишээ нь: Сидней их сургуулийн Хуулийн сургууль хэд хэдэн хөтөлбөрийг хуульчдаар урьж заалгадаг байна. Эдгээр хуульчдад тавих шаардлага, тэдний зүгээс биелүүлэх үүрэг аль аль талдаа ойлгомжтой, уламжлал болсон байна. Тиймээс ч хуулийн сургуулийн санал болгодог хөтөлбөрүүд орчин цагт шаардлагатай байгаа олон хөтөлбөрүүдийг багтааж, элсэгч олонтой байдаг байна.
Сургалтын хөтөлбөрийг ингэж олон хувилбараар санал болгож, хэрэглэгчийг татахаас гадна хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Магистрын сургалтанд хамрагдах бүх оюутан заавал ижил хугацаанд шаардагдах хичээлүүдийг судалж дуусах биш хагас ачаалалтай сурах боломжийг нээлттэй болговол зарим оюутан өөрийн сонголтоор улиралд цөөн хичээл судалж, 2 жил хүртэлх хугацаанд хичээлүүдийг бүрэн судалж дуусгах боломжтой болно. Мөн зарим хөтөлбөрийг блокоор зохион байгуулснаар орон нутгаас ирж сурах суралцагчдын тоог нэмэгдүүлэх боломжтой болно. Энэ нь хагас ачаалалтай суралцахаар сонгосон орон нутгийн суралцагч нарт илүү тохиромжтой. Улиралд 1-2 хичээлийг блокоор судлаад даалгавраа улирлын төгсгөлд онлайн хэлбэрээр явуулах зэргээр зохион байгуулдаг туршлага байна.
Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудаас дурьдлаа. Сургалтын хөтөлбөрийг сайжруулахын зэрэгцээ түүнийг түгээх багш, хөтөлбөрийн зохицуулагч нарын үүрэг, хариуцлагыг тодорхой болгож сургалтын чанарт өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй.
2. Судалгаа, шинжилгээний ажилд анхаарах
Их сургууль гэдэг нэг талаас судалгааны байгуулага юм. Тэр ч утгаараа дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуурт тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл чухал нөлөөтэй байна. Тиймээс энэ асуудалд бид анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй юм. Их сургуулийн багш нарыг судлаач байхыг шаарддаг. Энэ бичигдээгүй хууль аль ч их сургуульд мөрдөгддөг.
Судалгаа, шинжилгээний ажилд цаг гаргахын тулд багш нарын ажлын ачааллыг тохиромжтой байдлаар зохицуулж өгөх нь зүйтэй. Судлаач миний бие улиг болсон Багшийн цагийн ачаалал сэдвийг энд хөндөхдөө шийдвэрлэх боломжийг харахыг хичээлээ. Өмнөх дугаарт хэвлэгдсэн өгүүлэл болон үүний өмнө дурдсанчлан кредит системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэнээр тус асуудлыг шийдэх боломжтой санагдаж байна. Өөрөөр хэлбэл их сургуулийн оюутан мэдлэгийнхээ ядаж 50% -ийг бие даан судалж олж авах ёстой. Тийм ч учраас Сидней их сургуулийн нэг хичээл 6 кредит цаг байдаг. Тухайн хичээл нь лекц, семинараас бүрдэх эсвэл дан лекц байж болно. Ингэснээр тухайн хичээлийг зааж буй багш долоо хоногт 1 лекц (байгалийн цагаар 2 цаг) + семинар байдаг. Энэ нь багшийн танхимын сургалтаар гүйцэтгэх цагийг багасгаж судалгаа хийх боломжийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас оюутнуудыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Энэ боломжийг бодож үзэх хэрэгтэй болов уу?
Багш бүр тодорхой чиглэлээр мэргэшиж судалгаа хийдэг байх нь тухайн сургуулийн хөтөлбөр санал болгоход тустай байх төдийгүй мэргэжлийн салбартаа тодорхой чиглэлээр танигдаж улмаар цаашдын хөгжилд нь өөрийн хувь нэмрийг оруулах боломж бүрдэнэ. Тийм ч учраас манай багш нар судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцож, эрдмийн ажил хийх хэрэгтэй юм. Их сургуулийн багш нь өөрийн гэсэн бүтээлтэй эрдэмтэн, судлаач байх ёстой гэдгийг дэлхийн шилдэг их сургуулиудын шалгуурт тод тусгаж өгсөнийг анхаарах нь зүйтэй болов уу?.
Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд зайлшгүй авч үзэх өөр нэг асуудал нь англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг, бүтээлийн талаар анхаарах явдал юм. Манай эрдэмтдийн ихэнх бүтээл орос, монгол хэлээр бий харин дэлхийн шилдэг их сургуулийн шалгуурт англи хэлээр бичихийг шаардаж байна. Тиймээс эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээлийг англи хэлээр бичиж, салбарынхаа нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлж байх нь их сургуулийн нэр хүндэд ихээхэн нөлөөтэй. Судлаачид энэ тал дээр идэвх санаачилгатай ажиллах, нөгөө талаас сургуулийн удирдлага багш, судлаачдыг тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хурал, зөвөлгөөнд оролцуулах зэргээр дэмжиж ажиллах шаардлагатай.
3. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх
Шилдэг их сургуулийн өөр нэгэн чухал үзүүлэлт нь олон улсад танигдсан байдал, гадаад харилцаа юм. Олон улсын эрдэмтэн судлаачидтай хэрхэн хамтран ажилладаг, гадаад оюутны тоо зэргийг дэлхийн шилдэг их сургуулиудын шалгуурт багтаасан байна. Тиймээс ХИС зарим нэг хөтөлбөрийн хүрээнд олон улсад танигдсан эрдэмтдийг богино хугацаагаар урьж ажиллуулах, гадаадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн гадаад оюутнуудыг татаж болох хөтөлбөрийн талаар судалгаа хийх нь зайлшгүй юм. Боловсрол, шинжлэх ухааны яам ‘Монгол судлал’-ын талаар анхаарч ажиллах нь тодорхой боллоо. ХИС –ийн хувьд энэ боломж байж болох юм. Түүнчлэн бид сургалтын хөтөлбөрийг шинэчилж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр санал болгосноор Ази оюутнуудын анхаарлыг татах боломж байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар бие даасан гадаад харилцааны албаны үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай юм.
Оршилд өгүүлсэнчлэн энэхүү өгүүлэлд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаар товч мэдээлэл өгч, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг үйл ажиллагааны чиглэл болгон, хэтийн зорилгыг тодорхойлсноор тухайн их сургуулийн сургалтын чанарт тодорхой ахиц гарах боломж байна гэж үзлээ.
1 comments:
Sain bna uu? Ta. Tanii ene ogyylel mash ih taalagdlaa. Olon saihan sanaa bna. Neg sanaa nemehed manai sudlaach nar hamtarch sudalgaa hiivel ih ogoojtei tsag hemnemeer sanagddag. Iimd herev ta husvel holboo togtooj sudalgaanii ajluudaa hamtarch hiij boloh yum. Bi ene taliin ajliig ih sonirhdog yumaa. Herev ta holboo togtooh sonirholtoi bol uranchimeg(at)must.edu.mn hayagaar mail bichne yy.
Tanii sudalgaanii ajild ondor amjilt husie!
Post a Comment