Sunday, May 5, 2013

Кредит систем-сургалтын хөтөлбөр-сонголт


Дэлхийн олон улс орон дээд боловсролын салбартаа кредит системийг хэрэглэх нийтлэг жишиг тогтоод удаж байна. АНУ нь дээд боловсролын тогтолцоонд кредит системийг анхлан нэвтрүүлж улмаар дэлхийн нэртэй их сургуулиуд ашиглах болсон гэж үздэг. Тийм ч учраас дээд боловсролын салбар дах кредит системийн тухай ярихдаа АНУ-ын жишээ, тэдний загварыг авч үздэг. АНУ нь дээд боловсролын тогтолцоонд кредит системийг нэвтрүүлснээр сургалтын хөтөлбөрийн талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж улмаар сонголт хийх тогтолцоог бий болгосон гэж үздэг бол бусад улс орнууд ч мөн адил кредит системийг сургалтанд нэвтрүүлснээр тодорхой дэвшилд хүрсэн гэж тайлбарладаг байна. Юун түрүүнд академик сургалтыг олон нийтэд ойлгомжтой болгосон (бакалавр, магистрын зэрэг олгох сургалт хэдэн кредит цагаар ямар хичээл судлах гэх мэт), түүнчлэн эрдэмтэн, профессоруудын ажлын ачаалалыг тооцох аргачлал (улиралд биелүүлэх кредит цаг, ачаалал гэх мэт) илүү хялбар болсон гэж үзжээ. Гэвч тооцоолох аргачлал хялбар болсон гэхээсээ илүү баригдмал, нэгэн хэвийн сургалтын хөтөлбөрийн уламжлалыг эвдэж, суралцагчдад сонголт хийх боломж олгосоноор нь кредит системийг дээд боловсролын салбарт дэвшил болсон гэж үзэх хандлагатай.
Австралийн их сургуулиудад кредит системийн нэгдсэн тогтолцоо гэж байдаггүй. Үүний оронд Australian Qualification Framework буюу аливаа мэргэжлээр суралцагчийн эзэмшвэл зохих чадваруудыг нарийвчлан тайлбарласан баримтаар мэргэжил тус бүрийн стандартыг тогтоож өгдөг. Их сургуулиуд үүнд түшиглэн өөрийн сургуулийн дотоод журмаар сургалтын ачаалал, кредит цагийг тодорхойлдог. Тиймээс Австралийн их сургуулиудад кредит системийг хэрэглэж байгаа аргачлал нь өөр хоорондоо ялгаатай байдаг. Бакалаврын сургалт 3-4 жил байх ба мэргэшиж байгаа чиглэлээс хамааран үүнээс илүү байх нь ч бий. Өөр нэг онцлог нь бакалаврын сургалтаас өмнө дипломын зэрэг (Diploma degree), дээд шатны дипломын зэрэг (Advanced Diploma or Associate Diploma Degree) олгох сургалтуудтай байдагт оршино. Тиймээс бакалаврын зэрэг олгох сургалтын хүрээнд суралцагч нь давхар мэргэжил эзэмшин төгсөх боломжтой. Бакалаврын зэрэг олгох сургалтын судлах хичээлийн тухайд 1-р курсээс нь мэргэжлийн чиглэл рүү түлхүү анхаардаг ба сургалтын хөтөлбөр нь заавал судлах хичээл, мэргэших хичээл, сонгох хичээл гэсэн 3 хэсэгт хуваагддаг.
Cидней их сургуульд Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, харилцаа чиглэлээр бакалаврын зэрэг олгох сургалтыг энд жишээ болгон авч үзье.


Заавал судлах хичээлүүд:
Media and Communications units of study include:
·         Advanced Media Writing
·         Internship
·         Media Globalisation
·         Media Law and Ethics
·         Media Relations
·         Principles of Media Writing
·         Radio Broadcasting
Video Production

Өмнө дурдсанчлан бакалаврын сургалтад хамрагдах хугацаандаа хоёр дах мэргэжил эзэмших боломжтой. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба харилцааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын тухайд дараах чиглэлээс хоёр дах мэргэжлийг сонгож болно. 
Second major to be chosen from:
           American Studies
           Ancient History
           Anthropology
          Archaeology
           Art History and Theory
         Asian Studies
           Australian Literature
         Biblical Studies
          Celtic Studies
           Chinese Studies
           Cultural Studies
           Digital Cultures
           Economics
           English

·         European Studies
·         Film Studies
·         French Studies
·         Gender Studies
·         Germanic Studies
·         Greek (Ancient)
·         Hebrew (Classical)
·         Hebrew (Modern)
·         History
·         Indigenous Australian Studies
·         Indonesian Studies
·         Italian Studies

·         Japanese Studies
·         Korean Studies
·         Latin
·         Linguistics
·         Modern Greek Studies
·         Music
·         Performance Studies
·         Philosophy
·         Political Economy
·         Sanskrit
·         Social Policy
·         Socio-Legal Studies
·         Sociology
·         Studies in Religion


Сонгох хичээлүүд:
Оюутан эзэмшиж буй мэргэжлээс хамааран хоёр төрлийн сонголтыг хийнэ. Эхний сонголтыг мэргэжлийн хүрээнд судлах шаардлагатай хичээлүүдээс сонгоно. Хоёр дах сонголт нь оюутанд нээлттэй боломж олгох ба тус салбар сургуулийн хүрээнд санал болгож буй хичээлүүдээс өөрийн хүсэлтээр сонгож болдог. (Санал болгож буй хичээлүүд нь маш олон тул энд оруулсангүй)
Одоо хичээлийн хуваарийг харъя.
Year 1
Year 2
Year 3
Year 4
Semester 1
Semester 2
Semester 1
Semester 2
Semester 1
Semester 2
Semester 1
Semester 2
MECO1001 AUSTRALIAN MEDIA STUDIES
MECO1002 MEDIA & COMMUNICATIONS LANDSCAPES
MECO2601 RADIO BROADCASTING
MECO2603 MEDIA RELATIONS
MECO3603 MEDIA, LAW AND ETHICS
MECO3605 MEDIA GLOBALISATION
MECO3671 MEDIA AND COMM INTERNSHIP
MECO3609 CRITICAL PRACTICE IN MEDIA
1
MECO1003 Principles of Media Writing
1
MECO3601 VIDEO PRODUCTION
MECO3606 ADVANCED MEDIA WRITING
MECO3602 ONLINE MEDIA
MECO3672 INTERNSHIP PROJECT
1
1



1
1
1
1
1
1
1
2





2
2
2
2
2
2
2
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS
24 CREDITS

Тайлбар: Хөтөлбөрийн хүрээнд заавал судлах хичээлүүд шууд өгөгдсөн байна. Харин сонголтоор орж ирэх хичээлүүдийг хоёр өөрөөр  (1, 2) тэмдэглэв.
1- Үндсэн мэргэжлийн хүрээнд сонголтоор судлах хичээлүүд (Эзэмшиж буй мэргэжлийн хүрээний хичээлүүд байх боловч нарийвчлан задалсан байдаг тул оюутан сонголт хийх өргөн боломжтой)
2- Сонгох хичээлүүд (тухайн сургууль, факультат санал болгож буй бүхий л хичээлүүдээс өөрийн хүсэлтээр сонгох боломжтой) эсвэл хоёр дах мэргэжил сонгосон бол түүнийхээ хүрээнд сонголт хийнэ.
Эндээс харахад оюутан нэг семестерт 4 хичээл судлах ба үндсэн судлах хичээл 2 өөрийн сонголтоор судлах хичээл 2 байна. Сидней их сургуулийн бакалавр, магистрийн сургалтын аль алинд нь 1 хичээл 6 кредит цагаар тооцогддог. Магистрын зэрэг олгох сургалтын хувьд ч мөн адил 1 семестрт 2 хичээл нь заавал судлах, нэг нь мэргэшиж буй чиглэлийн хүрээнд санал болгож буй хичээлээс үлдсэн нэг хичээлийг тухайн салбар сургууль эсвэл факультатын санал болгодог ямар ч хөтөлбөрөөс өөрийн хүсэлтээр сонгож болдог онцлогтой.
Австралийн их сургуулиудын жишиг, АНУ болон Европын орнуудад кредит системийг хэрэглэж байгаа байдал, энэ асуудлын хүрээнд хэвлэгдсэн материалуудтай нэлээд танилцаж дараах хэдэн дүгнэлтэд хүрлээ.
1.      Кредит систем ба Сонголт
Кредит системийн цөм нь оюутанд “сонголт хийх боломж олгох явдал юм. Оюутан өөрийн сонирхсон хичээлийг, ирээдүйд өөрийн ажил мэргэжилд нь шаардагдах хэрэгцээнд тулгуурлан сонгосноор илүү хариуцлагатай, бие даан суралцах чадвартай болдог нь ажиглагдсан. Оюутанд сонголт хийх боломж олгох нь тэднийг их сургуулийн нэг идэвхтэй хэсэг болохыг нотлох улмаар тэдний оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх давуу талтай гэж үздэг юм билээ. Сонголтын тухай ярихад хичээл сонголтыг юун түрүүнд авч үздэг. Хичээл заах багшийг сонгох асуудал төдийлөн хүчтэй яригдахгүй байгаа нь анзаарагдсан. Оюутны тооноос хамаараад зарим хичээлийн хуваарийг олон хувилбараар гаргасан байх бөгөөд энэ тохиолдолд хэд хэдэн багшаас сонгоно. Гэтэл зарим хичээлийн тухайд багш сонголт гэсэн ойлголт байхгүй. Тийм ч учраас хөтөлбөр, хичээл сонголтыг илүүд авч үздэг. Хичээл сонголтыг хэрэгжүүлэхэд зохион байгуулалт нэлээд шаардах нь ойлгомжтой. Анги танхим, багш боловсон хүчний нөөц гээд асуудал олон. Сидней  их сургулийн хувьд нэг улиралд заавал судлах 2 хичээлийг нь нэгдсэн хуваариар, үлдсэн 2 хичээлийг өөрсдөөр нь сонголт хийлгэдэг. Гэхдээ заавал судлах болон сонголтоор судлах хичээл аль аль нь хичээллэх өдөр, цагаа гаргасан байдаг. Тиймээс оюутнаас хамаарч багшийн хуваарь гарах биш хичээл сонголтоос хамаарч оюутны хичээллэх хуваарь гардаг. Зөвхөн бакалаврын сургалтандаа 35000 гаруй оюутантай Сидней их сургууль сонголтыг ийм байдлаар зохион байгуулж байна. 
2.      Кредит систем ба сургалтын хөтөлбөрийн шинэчлэл
Оюутны хичээл сонгох үндэс нь тухайн сургуулийн санал болгож буй хөтөлбөрөөс шууд хамаарах нь ойлгомжтой. Тиймээс ч кредит систем нь сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохыг шаарддаг гэдгийг нотолж байгаа юм. Сургалтын хөтөлбөрийн агуулгыг баяжуулан, боловсруулснаар кредит систем бүрэн утгаар хэрэгжих үндэс болох юм. Энэ нь сургалтын хөтөлбөрт илүү уян хатан байх бодлого баримтлах шаардлага тулгарч байна гэсэн үг юм. Одоо үед нэртэй их сургуулиуд санал болгож буй хөтөлбөрөөрөө өрсөлдөж, оюутнуудаа татдаг болжээ. Бид орчин цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, оюутнуудад санал болгох хэрэгтэй юм. Сидней их сургуулийн салбар сургуулиуд хөтөлбөр тус бүрээр санал болгох хичээлүүдийг гарын авлага болгон гаргадаг. Энэ нь оюутнуудад сонголт хийх өргөн боломжийг өгч чаддаг. Тэндээс харахад хичээлүүд нь цаг үеэ олсон, орчин цагийн хэрэгцээтэй уялдсан байдаг нь сургалтын хөтөлбөрийг уян хатан байх ёстой гэж үздэгтэй нь холбоотой юм. Тийм ч учраас сонголт энд бүрэн утгаараа хийгдэж чаддаг.

3. Кредит систем ба багшлах боловсон хүчний нөөц
Сургалтын хөтөлбөрийг нарийвчлан задалж, оюутанд санал болгоход түүнийг заах мэргэжлийн багш хангалттай байх шаардлага тулгарна. Хамгийн гол нь багш нар тухайн хичээл бүрээр судалгаа хийх, мэргэших, өөрийгөө хөгжүүлэх, хөрвөх чадвартай, бүтээлч байх хэрэгтэй. Их сургуулийн багш нар байнгын судалгаа шинжилгээ хийж, цаг үеийн эрэлтээс хамааран тухайн хичээлийг илүү сонирхолтой болгох, бусдад түгээх тал дээр байнга шинэчлэл, өөрчлөлтийг хийж байх нь зайлшгүй юм.  Багш сонголтыг онцгойлон авч үзэхгүй байгаа хэдий ч аливаа хөтөлбөрийг багш нар боловсруулж байдаг тиймээс ч хичээл сонголтын цаана багш нар цаг үеэ хэрхэн мэдэрч, тухайн мэргэжлийн хүрээнд хэрхэн оновчтой хөтөлбөр боловсруулсан зэрэг асуудлууд давхар явж байх нь ойлгомжтой. Хөтөлбөр боловсруулахад багшийн оролцоо, үүрэг чухал байдаг. Тийм ч учраас кредит системийг сургалтанд нэвтрүүлэхэд багш нар, хөтөлбөр боловсруулагч, санаачлагч, хэрэгжүүлэгч байх шаардлага гарч бий болжээ.
4.      Кредит систем ба үнэлгээ
Сидней их сургуулийн хэрэглэж буй үнэлгээний аргууд бидний хэрэглэж байгаа аргуудтай ижил (бие даан гүйцэтгэх даалгавар, явцын тест, илтгэл гэх мэт) боловч салбар сургуулиудын үнэлгээний аргууд өөр хоорондоо ялгаатай байдаг. Жишээ нь: Нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд эссэ бичих даалгавар илүү хэрэглэгддэг. Гэхдээ илүү анализ, харьцуулалт хийсэн байхыг шаарддаг. Тиймээс critical review, critical reading, critical thinking гэсэн нэршил нэлээд өргөн хэрэглэгдэнэ. Үүнийг зөвхөн шүүмжлэн бичих гэж ойлгож болохгүй. Энэ төрлийн даалгаварыг хийж гүйцэтгэхэд тухайн асуудлаар нэлээд олон өгүүлэл, ном зохиолтой танилцах шаардлагатай болдог. Оюутнуудыг тухайн судлагдахууны хүрээнд сэтгэн бодох, бүтээлч чадварт сургах тал дээр их анхаардаг. Жишээ нь: Бизнесийн сургуульд Critical thinking гэдэг хичээл заавал судлах хичээлээр орно. Үзсэн сэдэв бүрээр ажиглалт, анализ, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бичгийн ажил хийлгэж байгаа нь тухайн оюутнуудад онолын мэдлэг олгоод зогсохгүй түүнийгээ бусад судлаачдын үзэл бодолтой харьцуулж, тухайн асуудлыг хэрхэн амьдралд хэрэгжүүлж болох талаар өргөн хүрээнд сэтгэх чадвартай болгодог байна. Мэргэжил үл харгалзан бичих даалгавар хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Түүнчлэн багаар гүйцэтгэх даалгавар бүх салбар сургуулиудад хэрэглэгддэг. Кредит систем нь оюутны сонголт дээр үндэслэн бие дааж сурах чадварыг хөгжүүлэх зорилготой байдаг тул бие даан сурах чадвартай болох тал дээр салбар сургуулиуд түлхүү анхаардаг.

Кредит системийн тухайд эдгээр асуудлуудад анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байна гэж үзлээ. Хичээл сонголтын тухайд л авч үзэхэд манай санал болгож буй хөтөлбөр, хичээл хэр хангалттай байдаг, оюутанд үнэхээр сонголт хийх боломжийг олгодог эсэхийг эргэж нэг хармаар санагдсан. Мөн манай кредит тооцох аргачлал, Сидней их сургуулийнхаас өөр байна. Энд 1 хичээл 6 кредит цаг гэж тооцоод оюутан улиралд 4 хичээл судалдаг нь сонголт хийхэд илүү хялбар болгодог байх талтай. Өөр нэг зүйл нь хичээлийн хуваарь. Оюутнууд онлайнаар хичээлийн хуваарийг хүлээж авдаг бөгөөд тухайн оюутны сонгосон хичээлээс хамаараад долоо хоногийн хэдэн өдөр, хэдэн цагаас хичээлтэй байх нь шалтгаална. Энэ тохиолдолд оюутан судлах хөтөлбөр, хичээлийг сонгох эрхтэй ч сургуулийн зүгээс бэлтгэсэн хуваарьт үндэслэн сонголтоо хийнэ.
Дүгнэж хэлэхэд кредит систем бол сургалтын хөтөлбөр болон оюутны сонголт гэсэн үндсэн ойлголтод анхаардаг байна. Тиймээс ч кредит систем нь уламжлалт сургалтын хөтөлбөрийг өөрчлөх, түүнийг цаг үеийн шаардлагатай нийцүүлэх тухай асуудал бөгөөд суралцагчдад хэрэгцээтэй мэдлэгээ ямар хөтөлбөрөөр олж авах, өөрсдийн сонголтоор өөрийн мэдлэгийг баяжуулах, туршлага олж авах бололцоог олгох асуудал тул бид энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзэж байна. 

                                                                  Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийг багш, доктор

0 comments:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More