Монгол улсын
боловсролын тогтолцооны өнөөгийн сул дорой байдлыг эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгчдээс эхлээд
жирийн иргэд хүртэл маш ихээр шүүмжлэн, энэхүү боловсролын тогтолцооны гажиг
байдлын бурууг гэр бүлийн боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий
боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгох байгууллага гэх мэт бүхий л боловсролын
салбараас эрж хайдаг бөгөөд нэн ялангуяа “эцсийн бүтээгдэхүүн” үйлдвэрлэж
гаргадаг гэдэг утгаараа хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь их, дээд сургуулиуд
болж хувирдаг. Өөрөөр хэлбэл тэрхүү “эцсийн бүтээгдэхүүн” болох мэргэжлийн
диплом өвөртөлсөн мэргэжилтэн маань ажил
олгогчийн наад захын шаардлагыг хангаж чаддаггүй учир “дипломны гол” хэмээх
нэрийг зүүн хоцордог нь нууц биш болжээ.
Мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн
“нийгмийн хүн” бэлтгэх үйл явцад дээр
дурдсан боловсролын бүх салбарууд үүрэг хариуцлага адил хэмжээнд хүлээх ёстой бөгөөд эдгээр боловсролын байгууллагуудын
сургалтын чанарын асуудлыг ярихад юун
түрүүнд сургалтын үйл явцыг удирдан зохион байгуулж буй
багш, сурган хүмүүжүүлэгч нарын чанар чансааны асуудал заавал хөндөгдөх
сэдэв мөн билээ.
Монгол
улсын бүхий л түвшний боловсролын байгууллагад багш хэмээх эрхэм алдрыг хүртсэн
мянга мянган багш нар сурган хүмүүжүүлэх
үйл хэрэгт өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байна. Цэцэрлэг болон ерөнхий
боловсролын сургуульд багшилж буй багш нарын хувьд мэргэжил дээшлүүлэх сургалтанд
хамрагдах, өөр хоорондоо туршлага солилцох, нээлттэй хичээл зохион байгуулах
зэргээр сургалтын чанарыг дээшлүүлэх тал дээр байнга анхаарч байгаагийн
зэрэгцээ өөрсдийн ажлын үр дүн, сургалтын арга барил, сургалтын чанар зэргээ
тогтмол үнэлүүлж байдаг. Харин коллеж болон их, дээд сургуулиудын багш нарын
хувьд сургалтын чанарын үнэлгээ хийгдэх асуудал тэнхим, салбар сургуулийн
зүгээс багш нарын хичээлд суух, сургалтын мониторинг, хяналт хийх нэгжүүд
оюутнуудын дунд түүвэр судалгаа хийх
зэргээр хязгаарлагдаж байна.
Их
дээд сургуулийн багш нарын ажлын үр дүнг үнэлэх, тэдгээрийн сургалтын чанар
болон сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих гол субьект нь оюутан
байдаг. Өнөөгийн Монголын оюутнуудын нэлээд хувь нь ямар нэгэн мэргэжлийн
диплом өвөртлөхийг л зорилгоо болгосноос бус өөрсдийн сурч боловсрох, өөртөө
жинхэнэ утгаар оюуны хөрөнгө оруулалт хийн улмаар хэнд ч гологдохооргүй
мэргэжилтэн болж бэлтгэгдэх тал дээр муу анхаарч байна. Үүнээс үүдэн багш нарт
тавих шаардлага суларснаас багш нар ч
тэдгээр оюутнуудын шаардлагад нийцүүлэн өөрсдийн сургалтанд дутуу дулимаг
хандах, сургалтын чанарыг дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, оюутан шавь нараа
сурган хүмүүжүүлэх, өөрсдийн үйл ажиллагаагаар зөв үлгэр жишээ үзүүлэх зэрэг
асуудал ямар нэгэн байдлаар гээгдэж байна.
Ийнхүү
үүсээд буй нөхцөл байдлаас гарах нэг арга зам бол оюутнууд сургалтын үйл
ажиллагаанд хяналт тавих, хичээлийн стандарт агуулга зэрэгт саналаа өгөх
ялангуяа багш нарын сургалтын чанарыг шууд үнэлэх боломжоор хангагдаж улмаар
энэ үйл явц нь тогтмол хийгддэг байх явдал юм.
Өнөөдөр
SET[1] буюу “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ” нь АНУ болон
барууны их, дээд сургуулиудын сургалтын үйл явцын салшгүй нэгэн хэсэг нь болсон бөгөөд Монголын
их дээд сургуулиуд ч энэ тал дээр сүүлийн үед анхаарал хандуулах болж цаасан хэлбэрээр болон
дотоод сүлжээг ашиглан оюутны судалгааг тогтмолжуулж эхэлсэн байна. Тухайлбал МУИС өөрийн SISI программыг (ХИС-ийн
UNIMIS програмтай адил дотоод сүлжээний програм) ашиглан хичээлийн улирал
бүрийн 13, 14-дэх долоо хоногт багшийн сургалтын чанарыг үнэлэх үнэлгээний
судалгааг оюутны дунд явуулдаг болжээ.
Дээр
дурьдсан SET хэмээх оюутны үнэлгээний аргачлалыг анх 1920-оод оны үед АНУ-ын
Пердью Их Сургуулийн эрдэмтэн, сэтгэл зүйч Хермэн Реммерс (Herman Remmers) өөрийн туслах нарын хамт боловсруулсан[2]
бол 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үе гэхэд SET нь Хойд Америкийн ихэнх
их дээд сургуулиудын сургалтын чанарын үнэлгээнд ашиглагдаж эхэлсэн ба
өнөөдрийн байдлаар АНУ-ын коллеж, их дээд сургуулиудын 90 гаруй хувь нь
сургалтын үнэлгээнд SET-ийг ашиглаж байна[3].
Боловсролын
чиглэлээр судалгаа хийдэг судлаачид өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд SET-ийн
талаар 2000 орчим судалгааг хийсэн[4]
бөгөөд багшийн үйл ажиллагааг үнэлэхэд SET-ийг
ашиглах нь үр дүнтэй бөгөөд найдвартай хэмээн боловсрол судлалын чиглэлээр
судалгаа хийдэг нэлээд олон эрдэмтэд (Wachtel,
H. K. (1998). Student evaluation of college
teaching effectiveness: A brief review.
Assessment and Evaluation in Higher
Education, 23(2), 191-212., Koon,
J., & Murray, H. G. (1995). Using multiple outcomes to validate student
ratings of overall teacher effectiveness. Journal of Higher Education, 66, 61-81., Centra, J. A. (1993). Reflective faculty evaluation. San
Francisco: Jossey-Bass.) судалгааны ажилдаа баталсан байдаг.
“ERIC[5]
буюу Боловсролын Нөөцийн Мэдээллийн Төвийн системд
бүртгэгдсэн 2000 гаруй судалгааны ажлаас
үзэхэд SET буюу
“сургалтыг
үнэлэх оюутны үнэлгээ”-нээс илүү сургалтын чанарыг үнэлэх найдвартай үнэлгээний арга хомс бөгөөд энэхүү судалгааны
аргын давуу тал нь:
а) найдвартай бөгөөд баталгаа сайтай,
б) бусад аргуудтай харьцуулахад үндэслэл сайтай,
в) үнэлгээний олон хэмжээс бүхий загварчлалтай,
г) багшийн ур чадварыг дээшлүүлэхэд ашиг тустай,
д) судалгааны үр дүнд нөлөөлж болох янз бүрийн оюутны зан
төлөв, олон янзын багш болон хичээлийн нөлөөг
хамгийн бага түвшинд байлгаж болох боломжтой зэрэг болно”[6]
Эндээс үзэхэд сургалтын чанарыг үнэлэхэд оюутны
оролцоо маш чухал бөгөөд нэг талаас энэ нь
багшийн ажлын үр дүнг удирдлагын зүгээс үнэлж дүгнэхэд чухал үзүүлэлт болохын зэрэгцээ нөгөө талаас
багш өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж улмаар сургалтын арга барилаа
сайжруулахад бодитой тус нэмэр болж чадах юм.
Үүний
зэрэгцээ “сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ”-г шүүмжлэх хандлага бүхий судлаачид
ч (Monroe, C., & Borzi, M. G. (1989).
“Methodological issues
regarding student evaluation of teachers: A pilot study”. ACA Bulletin. Spencer, P. A. (1992). “Improving teacher evaluation.”
Riverside, CA: Riverside Community College.) байдаг бөгөөд тэдгээр судлаачид багшийн заах
арга зүйг хэмжих нэгдсэн тодорхой хэмжээс байхгүй тул оюутны үнэлгээ нь бодитой
болж чаддаггүй хэмээн үзжээ.
Гэвч
багшийн заах арга зүйгээс гадна багшийн үйл ажиллагааны үр дүнтэй байдал,
багшийн өөрийн хувийн зан чанар зэргийг хэмжин тодорхойлж болох ба энэ талаар
судлаачид нэлээд судалгааг хийж үр дүнд нь дараах үзүүлэлтүүдийг санал болгосон
байна.
Тухайлбал
судлаач С.В.Шварц, К.П.Вайт, Г.Б.Стак нар судалгааныхаа ажилд сайн багшийг
тодорхойлох үндсэн үзүүлэлтийг 1) ойлгомжтой
сургалтын материал, 2) оюутнуудын зан төлөвийг тодорхойлсоны үндсэн дээр
тэднийг удирдан зохион байгуулах ур чадвар[7]
хэмээн тодорхойлсон бол судлаач Ж.Ловмэн, В.А.Мати нар 1) оюуны сэрэл, 2) хүнийг ойлгох чадвар буюу оюутнуудтай харилцах ур
чадвар[8]
гэсэн хоёр үзүүлэлтийг онцолж, харин судлаач Ж.Патрик, Р.М.Смарт нар 1) оюутнуудыг хүндэтгэн үзэх (дорд үзэхгүй
байх), 2) зохион байгуулах болон илтгэх ур чадварыг эзэмшсэн байх, 3) оюутнуудын
сурах сэдлийг өдөөх чадварыг эзэмшсэн байх[9]
гэсэн гурван гол хүчин зүйлийг чухалчилж үзсэн байна.
Мэдээж хэрэг цөөн тооны асуултууд ба
онооны бага шатлалаас бүрдсэн оюутны
сургалтыг үнэлэх үнэлгээний санал асуулгын хуудас буюу загвар нь багшийн үйл
ажиллагааг бүрэн дүүрэн үнэлэхэд учир дутагдалтай байх тул санал асуулгын
хуудас нь олон төрлийн асуултуудаас бүрдсэн байхын зэрэгцээ дотроо төрөлжсөн
байвал оюутнуудад илүү ойлгомжтой, бөглөхөд нь дөхөм байх ба үнэлгээ бодитой
байх болно.
Жишээ
нь: АНУ-ын Мэний Их Сургуулийн санал асуулгын хуудас нь 1) багшийг үнэлэх хэсэг
(13 асуулт бүхий), 2) Хичээлийг үнэлэх хэсэг (9 асуулт бүхий), 3) шалгалтын үйл явцыг үнэлэх хэсэг (7 асуулт
бүхий) 4) оюутны саналаа бичих хэсэг гэсэн 4 хэсгээс бүрдэж байгаа бол АНУ-ын
Дьюкийн Их Сургуулийн санал асуулгын хуудас нь 9 асуултаас бүрдэж байна.[10]
Мөн
үүнээс гадна оюутны үнэлгээний шатлал нь дээрх сургуулиудынх 5-7 онооны
системээр хэмжигдэж байгаа бөгөөд АНУ-ын их дээд сургуулиуд гол төлөв a) маш муу b) муу c) дунд d) сайн e) маш сайн f) онц гэсэн 6 шатлал бүхий
үнэлгээг ашигладаг ажээ.
Мэний
Их Сургуулийн санал асуулгын хуудас:
Ийнхүү
АНУ-ын их дээд сургууль бүр өөр өөрсдийн сургалтын үйл явцыг үнэлэх оюутны
үнэлгээний аргачлалтай байдгийн зэрэгцээ 1999 оноос оюутнуудын
санаачлагатайгаар нээгдэж үйл
ажиллагаагаа явуулж эхэлсэн RateMyProfessors.com
(RMP) веб сайт нь
өнөөдрийн байдлаар АНУ, Канад, Их
Британид үйл ажиллагаа явуулдаг 8000 их дээд сургуулиудын 15 сая оюутан
өөрсдийн 1,7 сая багш, профессоруудыг
үнэлэх боломжтойгоос жилд ойролцоогоор 4
сая оюутан саналаа оруулдаг ба үр дүнд нь жил бүрийн топ 200 багшийг
зэрэглэдэг томоохон сайт болоод байна. Эндээс
дүгнэхэд оюутнууд цаасан хэлбэрээр авдаг санал асуулгаас илүүтэй веб-хэлбэрийн
санал асуулгад илүү их ач холбогдол өгдөг нь харагдаж байна.
Дүгнэлтийн оронд
Хүмүүнлэгийн
Ухааны Их Сургууль 2012-2013 оны хичээлийн жилийг “Сургалтын чанар”-ын жил
болгон зарласантай холбогдуулан сургалтын чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч
байгаа бөгөөд энэхүү ажилд томоохон түлхэц болохуйц зүйл нь SET буюу “сургалтыг
үнэлэх оюутны үнэлгээ” хэмээн үзэж байна.
Энэхүү
“сургалтыг үнэлэх оюутны үнэлгээ”-ний системийг тогтмолжуулах, үүний тулд санал
асуулгын хуудсанд багтах асуултын тоо, төрөлжилт ба агуулга мөн үнэлгээний
шатлал зэргийг гадаад дотоодын бусад их дээд сургуулиудын туршлага болон
боловсролын чиглэлээр судалгааны ажил эрхэлдэг судлаачдын зөвлөгөөн дээр
үндэслэн нийтээр хэлэлцэн нэн даруй боловсруулах, улмаар санал асуулгад оролцох оюутны оролцоо
нээлттэй, хараат бус, ямар нэгэн байдлаар багшийг гүтгэлгүйгээр үндэслэлтэй
дүгнэдэг байхын тулд ХИС-ийн дотоод сүлжээ болох UNIMIS-ийг ашиглах, ингэснээр цаасаар авдаг судалгааг хөнгөвчилж
санал асуулга тогтмол хийгдэх боломж бололцоо нь нээгдэх юм.
Энэ
системийг нэвтрүүлсэнээр багш нарын ажлын үнэлгээ бодитой болохын зэрэгцээ багш
өөрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх, цаашдаа заах арга, хичээлийн агуулга, багшлах
ур чадвар зэргээ нэмэгдүүлэх бодит боломж бүрдэх бөгөөд улмаар энэ нь ХИС-ийн
сургалтын чанарыг улам бүр сайжруулахад
таатай орчин бүрдүүлж чадна гэдэгт итгэж байна.
Ашигласан эх сурвалж:
-
Centra, J. A. (1993). Reflective faculty evaluation. San Francisco:
Jossey-Bass.
-Centra,
J. A. (2003). Will teachers receive higher student evaluations by giving higher
grades and less course work? Research in Higher Education,
- James E. Miller, Ph.D. “Student
Evaluations of Teaching: Perceived Merits and Disadvantages, and Suggestions
for Improving the Assessment Method” Harding University
- Karen A. Loveland, Texas
A&M University - Corpus Christi.” Student
Evaluation of Teaching (SET) in Web-based Classes: Preliminary Findings and a
Call for Further Research” The Journal of Educators Online, Volume 4, Number 2, July 2007
-Lowman, J., & Mathie, V. A. (1993).
What should graduate teaching assistants know about
teaching? Teaching of Psychology
-Monroe, C., & Borzi,
M. G. (1989). “Methodological issues regarding student evaluation of teachers:
A pilot study”. ACA Bulletin.
-Patrick, J., & Smart, R. M. (1998).
An empirical evaluation of teacher effectiveness: The
emergence of three critical factors. Assessment
and Evaluation in Higher Education,
23(2)
-
Swartz, C. W., White, K. P., Stuck, G. B. (1990). The factorial structure of
the North Carolina Teacher
Performance Appraisal Instrument. Educational and Psychological Measurement, 50(1)
- Theodore Coladarci & Irv Kornfield.
“RateMyProfessors.com versus formal
in-class student evaluations of teaching”. Practical assessment, research and evaluation.
A peer reviewed electronic journal. Volume 12.Number 6. May 2007.
-
http://www.isds.duke.edu
П.Мягмардорж. ОУХ-ны тэнхим
[2] Theodore
Coladarci & Irv Kornfield. “RateMyProfessors.com
versus formal in-class student evaluations of teaching”. Practical
assessment, research and evaluation. A peer reviewed electronic journal. Volume
12.Number 6. May 2007.
[3]
James E.
Miller, Ph.D. “Student Evaluations of Teaching: Perceived Merits and
Disadvantages, and Suggestions for Improving the Assessment Method”
Harding
University
[4] Karen A.
Loveland, Texas A&M University - Corpus Christi.” Student Evaluation of Teaching (SET) in Web-based
Classes: Preliminary Findings and a Call for Further Research” The Journal of Educators Online, Volume 4,
Number 2, July 2007
[6] Centra, J. A. (2003). Will
teachers receive higher student evaluations by giving higher grades and less
course work? Research in Higher Education, 44, pp. 495-496.
[7]
Swartz, C.
W., White, K. P., Stuck, G. B. (1990). The factorial structure of the North Carolina
Teacher Performance Appraisal Instrument. Educational and Psychological
Measurement, 50(1),
p. 175.
[8] Lowman, J.,
& Mathie, V. A. (1993). What should graduate teaching assistants know
about teaching? Teaching
of Psychology, 20(2),p. 84
[9] Patrick, J.,
& Smart, R. M. (1998). An empirical evaluation of teacher effectiveness:
The
emergence of three critical
factors. Assessment and Evaluation in Higher Education,
23(2),
p. 165
0 comments:
Post a Comment