Онцлох нийтлэл:"Хөтөлбөрийн үнэлгээг боловсронгуй болгоход"

Т.Төрбат –Хэл, соёлын сургуулийн захирал, доктор, профессор

Их, дээд сургууль, коллежийн лекторуудад зөвлөх долоон алтан дүрэм

‘Continuing Professional Development’ in A Handbook for Teaching and Learning in Higher Education

Кредит систем-сургалтын хөтөлбөр-сонголт

Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийг багш, доктор

Tuesday, April 30, 2013

Багшийг Facilitator болгоё


Ц.Наранбаатар. Дархан салбар сургуулийн англи хэлний багш

         Дэлхийн хаана ч өрсөлдөх, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх нь бидний тэргүүн зорилго билээ. Зорилгодоо хүрэхийн тулд бид хөтөлбөрийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, сургалтын таатай орчныг бүрдүүлэх шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байгаа боловч сургалтын хамгийн чухал хэсэг ээлжит хичээлийг үр дүнтэй болгох, чанарыг ахиулах, оюутны бүтээлч, судлаач чанаруудыг төлөвшүүлэх үйл ажиллагааг өсгөн нэмэгдүүлэх шаардлага гарч байна.
       МУ-ын боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд Конструктив баримтлал “Хөгжүүлэх сургалт”-ыг нэвтрүүлж хэрэгжүүлээд 22 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл түүнийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх явц их, дээд, мэргэжлийн сургуулиудад удаашралтай байгаа бөгөөд энэ нь чанаргүй мэргэжилтэн төрөн гарах шалтгаан болсоор байна.
       Оюутны хэрэгцээнд тулгуурласан боловсролыг шинэлэг бүтээлч хэлбэрээр түгээх, тэднийг илүүтэйгээр мэдлэгийг өөрсдөөр нь бүтээлгэх, туршлагад нь тулгуурлан чадваржуулахад хөгжүүлэх сургалт, түүнийг гардан явуулж буй багш чухал үүрэгтэй.
      Хөгжүүлэх сургалтын амин зүрх нь “Facilitator” бөгөөд энэхүү үгийн утгыг аль ч хэлний тайлбар толь бичигт “Чиглүүлэгч-хөгжүүлэгч” хэмээн илэрхийлсэн байдаг. Сургалтын практик үйл ажиллагаатай холбон авч үзвэл “Facilitator” нь хичээлийн явцад суралцагчдын суурь мэдлэг, мэдээлэл, өмнө нь олж авсан дадлага туршлагад тулгуурлан мэдлэгийг хамтарч бүтээх, тулгамдсан асуудлыг хамтдаа илрүүлэн гаргаж шийдвэрлэдэг туслан, дэмжигч, мэдлэгийн хөтөч  хэмээн тайлбарлаж болно. Тэгвэл “Facilitator”-ийн сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг багш багшлахуйтай харьцуулан авч үзье.

Багшийг Facilitator болгож хувиргаснаар түүний үйлдлүүд нь сэтгэл зүйн болоод  сурахуйн таатай орчныг үүсгэж суралцагчдын мэдлэг бүтээх боломжийг идэвхтэй  байдлаар дэмжиж, шинжлэх ухааны ухагдахууныг илүү олон өнцгөөс харж, мэдлэгийг хамтран бий болгох боломжийг бүрдүүлж байна.

Facilitator-ийн  сургалтын үйл ажиллагаа

Хөгжүүлэх сургалтын агуулга нь Facilitator түүний орчин үеийн  дэвшилтэт болон шинэ үзэл санаагаар баяжигдсан сургалтын үйл ажиллагаатай нягт холбоотой байж ээлжит хичээлд доорх байдлаар хэрэгжих боломжтой.       
                                                                                                                                                                  
Нэг. Бэлтгэл үйл ажиллагаанаас мэдлэг бүтээх мотив бүрэлдэнэ.
Facilitator тухайн хичээлийн стандартыг суралцагчдад дэлгэрэнгүй мэдээлж агуулгын талаарх ижил төсөөллийг хамтдаа бий болгодог. Үүнд:
Сургалтын агуулга, зорилго, зорилтууд, эзэмших мэдлэг, чадвар, ирээдүйн бодит хэрэгцээг тодорхойлох
Суралцагчдын үүрэг хариуцлага, сургалтын явцад Facilitator болон суралцагчдын хамтдаа  хүсэн хүлээж байгаа  хэрэгцээ шаардлагуудыг илрүүлэн гаргах гэх мэт
Хоёр. Facilitator хичээлийг хамтын ардчилсан үзэл санаанд тулгуурлан явуулдаг.
Суралцагчдын өмнө  гарч лекц уншина гэдэг нь мэдлэг бүтээх үр дүнтэй  арга барил биш. Facilitator нь суралцагчдыг хамтарч мэдлэгийг бүтээх боломжоор байнга хангаж байдаг. Учир нь суралцагчид насанд хүрсэн хүмүүс бөгөөд олон талын хэрэгцээ шаардлага, туулж өнгөрүүлсэн туршлагатай тул тэдгээрээс нь бие биетэйгээ хуваалцах, асууж тодруулах, мэтгэлцэх, нэгтгэн дүгнэх боломж бололцоог олгох нь чухал. Гэхдээ хичээлийн төгсгөлд суралцагчид хичээлийн зорилгод нийцсэн мэдлэгийг бүтээсэн эсэхэд  Facilitator гол анхаарлаа хандуулж байдаг.
Гурав. Facilitator  сургалтын эерэг, таатай орчныг бүрдүүлдэг.
Facilitator суралцагчдыг шинэлэг,бүтээлч санаа гаргах, бусдаас суралцах, оновчтой шийдэл гаргах, буруу ташаа ойлголтыг залруулахад нь туслаж чиглүүлэх үүрэг гүйцэтгэдэг.Түүнчлэн суралцагчдыг бусдыгаа хүлээцтэй сонсох, бусдын санааг хүндэтгэх,  асуудлыг өөр бусад өнцгөөс нь харж шийдвэрлэх бололцоог бүрдүүлдэг. Чиглүүлэгчийн зүгээс доорх чадваруудыг эзэмшсэн байна.Үүнд
-          Суралцагчид нэг бүрийг бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг бий болгох.
-          Соёлтой боловсон, ухаалаг хариултуудыг дэмжих, сайшаах
-          Ямар нэгэн ёс зүйгүй эсвэл дутагдалтай санаануудыг эерэг талаас нь тайлбарлаж залруулах
-          Сэдэвт холбоотой бусад үзэл баримтлалуудыг дурьдаж шинэ мэдээллээр сэлбэх
-          Гаргасан амжилт бүрийг урамшуулж баяр хүргэх гэх мэт.
Дөрөв. Шинжлэх ухааны гол ойлголтыг тайлбарлахдаа Facilitator тохирсон үр дүнтэй аргуудыг хэрэглэдэг.
Үүнд:
·         Суралцагчдад ойлгомжтой, тодорхой зааварчилгаа өгөх
·         Суралцагчдад шинжлэх ухааны зарчим, ухагдахуунуудыг ойлгомжтой тодорхой жишээ баримттай тайлбарлах
·         Дуу авиа, биеийн хөдөлгөөн, орон зайн харьцаа, техник хэрэгсэл, болон бусад хэрэгцээтэй гэсэн биет болон биет бус зүйлийг ашиглах
·         Хичээлийн нөхцөл байдал, суралцагчийн сурах арга барил,  нийтлэг хэрэгцээнд тулгуурлан  менежментээ өөрчлөх уян хатан мэдрэмжтэй байна.
Тав. Facilitator-ийн эзэмшвэл зохих техникүүд.
Суралцагч бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх тул Facilitator нь төвийг сахисан байр сууринаас хандаж тэдний үзэл бодлыг хичээлийн агуулгатай уялдуулж чиглүүлэх, залах, урамшуулах.
Facilitator суралцагчдад өөрийн үзэл бодлоо хамаагүй тулгахаас зайлсхийх хэрэгтэй. Ингэхийн оронд ямар нэг санал дэвшүүлж үзэл бодлоо илэрхийлвэл илүү зохилтой.
Facilitator суралцагчийг ярьж байхад итгэл, хүндэтгэл төрүүлж хүлээцтэй сонсох хэрэгтэй.
Facilitator тэдний  ярьж байгаа зүйлийг бусдад илүү ойлгомжтой болгох шаардлагатай бол тодруулга асуулт асуух хэрэгтэй. Системтэй асуулт асуух нь мэдээллийг цуглуулж нуугдмал санааг ил гаргах, эрэл хайгуул хийлгэхээс гадна идэвхгүй суралцагчдад оролцооны боломжийг нээж өгдөг.
Facilitator суралцагчдын дэвшүүлж байгаа санаануудын тулгуур ойлголтуудыг нийтэд харагдахуйц байдлаар тэмдэглэж бусдаар дүн шинжилгээ хийлгүүлэх байдлаар  нэгтгэн дүгнэнэ. Суралцагчдын дэвшүүлж буй санаануудыг байшин барих маягаар давхарлан өрж мэдлэгийг бүтээх нь чухал юм.
Facilitator даалгаврыг гүйцэтгэхэд зориулагдах хугацааг нарийн тогтоож цагийг нягт баримтлан ажиллана.
Facilitator идэвхтэй сонсогч байж товч тодорхой, цагаа олсон санал сэтгэгдлийг илэрхийлж байдаг
Facilitator Хичээлийн төгсгөлд тухайн хичээл хэр зэрэг үр дүнтэй болсон талаар аман болон бичгийн хэлбэрээр сурагчдын үнэлгээг авч болно.
Сургалтын үйл ажиллагааны чанарын шинэчлэлийг хийх  чухал алхмуудын нэг нь  хичээл зааж байгаа Facilitator-оос хамааралтай. Өнөөдөр барууны орнуудад мэргэжлийн Facilitator бэлддэг болон Facilitator-оор  үйлчилдэг байгууллагууд бий болсон.  Түүнчлэн Их Дээд, Мэргэжлийн сургуулиуд багш нарыг мэргэжлийн Facilitator болгох тал дээр анхаарлаа хандуулж байна.
Багшийг Facilitator болгосноор мэдлэг бүтээх чадварт сурах, оюутан төвтэй сургалтын менежментийг бий болгож байгаа хэрэг юм.  Facilitator-ийн оюутныг хөгжүүлэх менежмент нь уян хатан, шинэ санааг дэмжсэн, цогц системтэй хэлбэрээр зохион байгуулагдаж өнөөдрийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх хөшүүрэг болох юм.
Ийнхүү суралцагчдын боловсролыг хамтын үйл ажиллагаа,  харилцан мэдлэг, туршлага солилцох  хэлбэрээр олгох нь өнөөгийн мэргэжилтэнд тавигдах хэрэгцээ, менежерийн хувийн чадвар, цаашлаад төгсөн гарсан сургуулийн нэр хүндэд ч нөлөөтэй асуудал юм.
Цаашид дэвшүүлэх санал
1.      Facilitator-ийн тусламжтайгаар сургалтыг шинэ арга, технологоор баяжуулан боловсронгуй болгох арга зүйн хувилбар боловсруулан турших, үр дүнг тооцох, түүнчлэн сургалтыг менежментийн үүднээс зохион байгуулах үзэл баримтлал, үнэлгээ, хөтөлбөрийн аргачлал зөвлөмжүүдийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
2.      Facilitator нь уламжлалт арга шинэчлэлийн тэнцвэргүйдлийг арилгах зохистой харьцаа тогтоох хүчин зүйл тул зорилт тавьж хэрэгжүүлэх шаардлага гарч ирж байна.
3.      Мэдлэг бүтээх үйл явц дахь ардчилал, оюутан төвтэй үйл ажиллагааны болон хэрэглээний хандлагатай идэвхтэй сургалтын зарчим, удирдахуйн ухааны үзэл баримтлалыг үндэс болгосноороо сургалтын шинжлэх ухааны онол арга зүйн төвшинг өндөржүүлсэн үр дүн гарах нь дамжиггүй.
4.      Facilitator болсноор сургалтын үйл ажиллагаанд эерэг нөлөөлөл үзүүлж, оюутнуудад мэдлэг эзэмших сэдэл тэмүүлэл бий болгож, сургалтын чанар үр дүнд ахиц гарах нь тодорхой.
5.      Хөгжилтэй орнуудын сургалтын үйл явц нь уян хатан, аливаа шинэлэг санаа, арга барил, соёлын бусад материалд нээлттэй, мэдлэг нь зөвхөн суралцахад бус нийгэм, улс төр, эдийн засаг, боловсрол хөгжих чухал хөшүүрэг, төрийн бодлогын гол цөм болсон, тухайн улс орны хөгжил, дэвшлийн чухал хэрэглүүр болсныг харгалзан үзэх нь чухал болсон учир энэ технологийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж үзэж байна.

Их дээд сургуулийн багш нарыг хөгжүүлэх асуудалд: Их, дээд сургууль, коллежийн лекторуудад зөвлөх долоон алтан дүрэм


       Орчуулсан ХИС-ийн АИБСТ-ийн багш Ё.Доржсумъяа

     Өнөөгийн  боловсролын  стандартын  чанартай  уялдан  их, дээд сургууль, коллежийн лекторууд  багшлахаас гадна сургалтын үйл  явцыг  идэвхитэй зохион байгуулагчийн үүргийг давхар гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай болж байгаа юм.  Үүнтэй холбоотойгоор Их  Британий Роберт  Гордоны их сургуулийн   сургалт, үнэлгээний төвийн  мэргэжилтэн Хенри   Элингтон  их, дээд сургуулийн  түвшинд  сайн  багш   болж хөгжих 7 алтан  дүрмийг танилцуулж, улмаар  тэдгээрийг   практикт хэрхэн  хэрэгжүүлэх талаар  зөвлөмж  бичжээ. Алтан дүрмээс танилцуулахад:
1.   Шавь  нарынхаа сурах арга барилыг таньж мэдэх
2.   Сургалтын  зорилгоо  оновчтой  зөв тодорхойлох
3.   Сургалтын  оновчтой  арга барил хэрэглэх
4.   Үнэлгээний оновчтой зөв аргуудыг  хэрэглэх
5.   Сургалтын үйл явцад  хяналт тавьж үнэлгээ  өгөх
6.   Ажлынхаа гүйцэтгэлийг  сайжруулахын төлөө байнга чармайлт гаргах
7.   Цаг  үетэйгээ хөл нийлүүлэн  өөрийгөө хөгжүүлэх
Их, дээд  сургууль, коллежийн лекторуудын  ажлын  үүрэг  хариуцлага өөрчлөгдсөөр  байна. Өнгөрсөн үед  тэд  өөрийн  эзэмшсэн  мэдлэгээ лекц, семинар, харилцан  ярилцлагын  хэлбэрээр   дамжуулан  оюутнууддаа хүргэж   заах сургах үүргээ биелүүллээ гэж   үздэг  байсан  бол өнөөдөр  тэдний гол  үүрэг оюутнуудынхаа суралцах үйл  явцад  туслах явдал юм. Түүнчлэн дээд  боловсролд   нөлөөлж байгаа технологийн  дэвшилт ч тэдний ажил үүргийн  хуваарьт өөрчлөлт  оруулсаар байна. Өөрөөр  хэлбэл өнөөдөр  их,  дээд сургуулийн багш  нар дээд боловсролын  чанарын  бодлоготой уялдан  ихээхэн  өндөр стандартын  шаардлагад  нийцэн  ажиллах  хэрэгтэй боллоо. 1989 оноос  хойш Хенри   Элингтон   өөрийн хамтран  ажилладаг  нөхдийнхөө хамтаар  Их Британий Роберт  Гордоны Их сургуулийн   багш  нарт зориулан   “Их дээд сургуульд  багшлах нь”  сэдэвт төгсөлтийн дараах сертификатын  сургалтуудыг  маш  амжилттай зохион  байгуулжээ.(Элингтон 1990, 1996, 1999a ). Tэдний сургалт цөөн,  товч бөгөөд   тодорхой зарчмуудыг мөрдлөг болгосоор  ирсэнийг  их дээд  сургууль, коллежийн  багш  нарт зориулагдах  долоон  алтан  дүрмээр  томьёолж тайлбарлахад   илүү хялбар болов уу.
Алтан  дүрэм   1: Шавь  нарынхаа сурах арга барилыг таньж мэдэх
Боловсролын  сэтгэл судлаачдын  хийсэн  олон янзын  судалгааг эс тооцвол  бид  өнөөг хүртэл  сургалтын  үйл  явцын  мөн  чанарын  талаар  маш  бага мэдлэг  хуримтлуулжээ. Гэхдээ  бид   шавь нар  маань хэрхэн  суралцдаг болох   ялангуяа  суралцагч  бүр  өөр  өөрийн  сурах  арга барилтай  болохыг  олж мэдсэн билээ. (Коттон,1995a,  1995b; Энтвисл,  1996;  Фрай 1999a ). Тодруулбал зарим суралцагч шинэ мэдээллийг  хэсэгчлэн  системтэйгээр  уншиж ойлгохыг  илүүд үздэг бол зарим нь мэдээллийг  цогцоор  хүлээн авч ойлгохыг   эрмэлздэг ( Паск,  1976).  Мэдээж энэ хоёр арга хоёулаа  тэдний хувьд  биелэлээ сайн олдог ч суралцагч  бүр нөхцөл байдлаас  хамааран  энэ хоёр  аргыг  зөв  сонгон  хэрэглэж чаддаг  болох  нь  чухал. Аливаа  судлагдахууныг  гүнзгийрүүлэн  судлахад цувраа  арга, харин  ерөнхийлөн  судлахад  холистик  арга  оновчтой гэсэн үг ( Коттон,  1995a ).
Үүнтэй холбоотой өөр нэг жишээ  нь судалж байгаа материалаа гүнзгийрүүлэн судлалгүй ерөнхийлөн  тоймлон ойлгодог өнгөцхөн  суралцагчид  байхад   судалж байгаа зүйлээ  нарийвчлан   ойлгож, өөрийн  хуримтлуулсан  мэдлэг  туршлагатайгаа холбон  мэдлэгийн  хүрээгээ тэлдэг  гүн судлаач суралцагчид гэж бий ( Бигс,  1987) .  Иймээс  багш нар  шавь  нараа  өнгөцхөн  судлаачаас илүүтэйгээр  гүн судлаач болгоход  нь туслах тэдгээр  нөхцөл  боломжуудаар ханган  ажиллах  хэрэгтэй. Үүнийг  хэрэгжүүлэх  нэг  арга  бол шавь нараа сурах үйл ажиллагаанд нь   идэвхитэй оролцуулах  явдал  мөн. Сүүлийн үед   зарим суралцагчид дээр дурдсан   сурах хоёр   аргаас огт өөр  гуравдагч шинэ аргыг зориудаар сонгох  болсон  билээ. Тодруулбал тэд өөрсдийн  хүчин  чармайлтаа хэрэгтэй үед оновчтой хэрэглэн  хүссэн  дүнгээ авч,  хүссэн үр  дүндээ хүрэхийг  зорьдог болжээ (  Бигс,  1987, Энтвисл,  1996). Тэд   тоймлон судлах ба гүнзгийрүүлэн судлах   аргуудыг  нөхцөл байдалд  нь  тохируулан  хэрэглэж  сурах чадвар эзэмшихийг  илүүд үзэх  болов.
Иймд их, дээд сургуулийн сургалтын  хөтөлбөр,   хэрэглэгдэхүүнийг  боловсруулахдаа  уг байдлыг  харгалзан  үзэх  шаардлагатай. Мөн дээрхтэй хамаатай өөр  нэг  асуудал  бол   суралцагчдын эзэмшсэн  мэдлэгийг  тохирсон  үнэлгээний аргаар дамжуулан   оновчтой зөв үнэлэх явдал чухал болсоор байна. Суралцагчдын  сурах  үйл явцын ялгаатай байдлын  өөр  нэг  тал нь насны онцлогтой холбоотой. Тодруулбал насанд  хүрэгчид  сурах  үйл  ажиллагаандаа хүүхдүүдээс илүү хариуцлагатай, биеэ даасан бүтээлч байдлаар  хандаж, аливаа   мэдлэгийг  эзэмшихдээ  багшийн заасныг  гол болгохоосоо илүүтэй  амьдралын  туршлагаасаа суралцах, асуудал  шийдвэрлэх, шийдвэр  гаргах чадвар эзэмшихийг  мөрдлөг  болгодог (Нөүлс, 1990).  Иймээс  их, дээд  сургуулийн оюутнуудыг  насанд   хүрэгчдийн адил сургалтын  нөхцөл боломжоор хангах хэрэгтэй. Мэдээж нас биед  хүрсэн   суралцагчийг  хүүхдийн хэмжээнд  адилтган  авч үзэж   сургах аргыг  сонгох нь  тэдний   сургалтаас хүсэн хүлээсэн   хэрэгцээ,  зорилготой нийцэхгүй сургалтын  үйл  явцыг  гажуудуулах болно. Иймд их, дээд  сургуулийн багш  нар  сургалтандаа дээрх гажуудлыг   гаргахгүй байхын  төлөө ажиллах  хэрэгтэй.
1992  онд Хани, Мамфорд  нар  суралцагчдыг өөртөө тохирсон сурах  арга барилаа сонгоход нь  туслах  зорилгоор   ангилал бүхий  өөрийн үнэлгээний асуулгыг  боловсруулсан  ба энэ нь  суралцагчдад  төдийгүй багш нарт их хэрэгтэй юм. Багш нар сургалтын  хөтөлбөрөө боловсруулахдаа  суралцагч бүрийн  сурах арга барилыг  харгалзан  үзэж  тусгах  цаашлаад  суралцагчид нөхцөл байдалдаа тохируулан   сургалтын  төрөл бүрийн  аргыг сонгож хэрэглэхэд нь дөхөм болно.  Сайн  багш  болохын  эхний алхам нь   сурах  үйл  ажиллагааны   олон янзын чиг хандлагуудыг сайтар  ойлгож, шавь  нарынхаа сурах арга барилыг таньж мэдэх явдал юм ( Бигс 1987,   Коттон 1995a,  1995b,   Элингтон &  Ийрл, 1996a,). 
  Алтан  дүрэм 2: Сургалтын  зорилгоо  оновчтой  зөв тодорхойлох
Сургалтын   сайн  хөтөлбөрийн  гол нууц нь   тухайн  сургалтын  суралцагчдын  сурах зорилгыг  оновчтой  зөв тодорхойлох  явдал гэж үздэг.  Суралцагчдын  сурах  зорилгыг  тодорхойлсон ялгаатай хоёр  чиглэлийг авч үзье. Эхнийх нь уламжлалт  чиглэл ба тодруулбал  суралцагчдын сургалтын  эцсийн  үр дүнг тооцохдоо ерөнхий зорилго, нарийвчилсан зорилтуудыг гол болгодог бол ( Персивал 1993) хоёрдахь  нь 1980-иад оны сүүл үеэс хөгжиж эхэлсэн  чадавхид  түшиглэсэн сургалтын чиглэл (Элингтон, 1995; Нобел,  1999). Суралцагчдын  сурах  зорилгыг  оновчтой тодорхойлохын  тулд  дэвшүүлж  байгаа зорилго   нь  тухайн  сургалтын  хөтөлбөрийнхөө эцсийн  зорилттой яв цав  нийцэж, суралцагчдын  зайлшгүй эзэмшвэл  зохих  мэдлэгээс гадна, шийдвэр гаргах, асуудал  шийдвэрлэх, харилцааны болон  мэдээлэл  технологийн   зэрэг амьдралд  хэрэгтэй төрөл  бүрийн чадваруудыг  эзэмшүүлэхэд  чиглэсэн  байх хэрэгтэй ( Нобел,  1999;  Рэйс,  1999 ).  
Өнөөдөр  ихэнх ажил  олгогчид боловсролын  системийн  хамгийн чухал  хэсэг нь   хувь хүний хөгжил  гэж үзэж байна (Элингтон,   1995).  Иймд  суралцагчдын сурах  зорилгыг  тодорхойлохдоо  тэднийг  сургалтын  явцад  өсч хөгжих бололцоогоор  хангасан,  үр  дүн нь   бодитоор  харагдахуйц, хамгийн  гол нь  дэвшүүлсэн  зорилго  нь  биелэлээ олох боломжтой байх  ёстой.  Үүний нэг жишээг  дурдвал  Гордоны их сургуулиас  багш  лекторуудад зориулан   сургалтын  зорилгыг хэрхэн оновчтой тодорхойлох талаар  зааварчилгаа өгч загварчлал  боловсруулсан. Тухайн загварчлалд  мэдлэг ойлголт, үйл ажиллагааны чадвар, танин  мэдэхүйн   чадвар, нэгж хичээлээр  эзэмших  чадваруудыг тус тус багтааж  өгсөн. Загварчлалын үр дүнд   тус сургуулийн багш нар  нэгж  хичээлийн сургалтын  хөтөлбөрийн  үр дүнг сургалтын   хөтөлбөрийн  ерөнхий  үе шатуудтай уялдуулж өгснөөр  сургалтын  чанарыг ахиулж  чаджээ.
Сайн  багш  болохын  хоёрдугаар алхам нь сургалтын зорилгыг оновчтой  тодорхойлох  арга барилд суралцах  улмаар өөрсдөө мэдээд  зогсохгүй суралцагчиддаа  сургалт  эхлэхээс нь өмнө  ямар зорилгоор  юу  сурах  гэж байгаа талаар   бүрэн  дүүрэн  мэдээлэл өгөх хэрэгтэй.  Сургалтын  зорилгыг   ойлгосноор  суралцагчид  тогтоосон  гүйцэтгэл- үзүүлэлтүүдийн  шаардлагад  нийцэх  хэмжээнд  мэдлэг чадвахиа хөгжүүлэхийг   хичээн суралцана ( Персивал,  1993 ).  Цаашлаад сургалтын зорилгыг оновчтой зөв  тодорхойлсноор тухайн  сургалтын  хөтөлбөрийн  ерөнхий чиглэлийг  тодорхойлох,  сургалтын  хэрэглэгдэхүүн, заах  арга зүйгээ   сонгох улмаар  үнэлгээг  оновчтой зөв  төлөвлөхөд  хэрэгтэй.
Алтан дүрэм : 3 Сургалтын  оновчтой  арга барил хэрэглэх
Суралцагчдын  сурах зорилгыг  тодорхойлох явцад  сургалтын  ямар  арга зүйг хэрэглэж тухайн  зорилгын үр  дүнд  хүрэх  талаар бодох хэрэгтэй. Мэдээж сайн  багш  нар  сургалтын зорилготой нарийн  уялдсан  сургалтын  арга  зүйг   тогтмол сонгож чаддаг (Персивал, 1993). Дэвшүүлсэн зорилготойгоо нийцүүлэн   төрөл  бүрийн  сургалтын  арга зүйг сонгон  хэрэглэх  нь чухал. Жишээлбэл  лекцийн  хичээл нь шинэ мэдлэгийн  үндсэн  ойлголт, зарчмуудыг  танилцуулахад  тохиромжтой хэдий   ч  суралцагчдын танин мэдэхүйн  дээд  түвшний чадварууд  (анализ хийх, үнэлэлт өгөх, асуудал  шийдвэрлэх )   болон  харилцааны  чадваруудыг хөгжүүлж чадахгүй  (Рэйс & Браун,  1998;  Хорган,  1999).  Эдгээр чадваруудыг  хөгжүүлэхэд төсөлт ажил, кейс судлал  зэрэг  сургалтын  идэвхитэй  аргууд  шаардлагатай.
Судлаачдын  бичсэнээр  их, дээд  сургууль, коллежийн  лекторууд   сургалтандаа олон  төрлийн  сургалтын  аргуудыг  хэрэглэдэг  ба Льюс Элтон тэдгээр  аргуудыг  гурван гол  бүлэгт ангилан  авч үзсэн.
·         Эхний бүлэгт  лекц,  багш төвтэй хичээлүүд,  видео танилцуулга хичээл зэрэг  массыг  хамарсан   сургалтууд багтдаг. Эдгээр  сургалтанд  багш  юу заах, ямар  материал  хэрэглэх, ямар аргаар  хичээлээ заахаа өөрөө төлөвлөж, бүх зүйлийг  дангаараа шийдвэрлэх  үүрэг гүйцэтгэдэг. Нөгөө талаас суралцагчид  сургалтанд  идэвхигүй үүрэг  гүйцэтгэж, багшаас бүрэн  хамааралтай байдаг. Элтон  массыг хамарсан энэхүү сургалтын  хэлбэрийг  бусдаас хамааралтай  сургалтын  арга гэж тодорхойлсон бөгөөд эдгээр нь Блүүмын танин  мэдэхүйн  доод түвшний чадварт хамаатай. (Бэнжамен Блүүмийн шинэчилсэн таханомоор танин мэдэхүйн  доод шатны чадварт- шинэ мэдлэгийг тогтоох, ойлгох, хэрэглээнд оруулах,  танин мэдэхүйн дээд шатны чадварт- анализ хийх,  үнэлэлт дүгнэлт өгөх, шинэ мэдэлгийг бүтээх) гэсэн зургаан түвшинд хуваадаг).  
·         Элтоны гаргасан  ангилалын  хоёрдугаар  бүлэгт   сурах  бичгийн  заавраар   бие даан  судлах, бүх  төрлийн  нээлттэй сургалтын  аргууд, компьютерт түшиглэсэн  төрөл  бүрийн  сургалтууд, оюутны дасгал  ажил, төсөлт  ажлууд зэрэг   бие даасан  сургалтууд  багтдаг. Эдгээр  аргуудын хувьд  багш сургалтанд бүхнийг  шийдэж төлөвлөдөг уламжлалт  үүргээсээ татгалзаж, сургалтын  менежер, оюутанд    шаардлагатай үед  зөвлөгөө өгдөг зааварчлагчийн  үүрэг  гүйцэтгэдэг. Суралцагчид өөрсдийн сургалтын  үйл  явцаа  хянаж, сурах  арга хэлбэрээ сонгож,  сургалтандаа  гол үүрэг гүйцэтгэдэг. Элтон  сургалтын  энэхүү  аргыг  бие  даасан  сургалтын  хэлбэр  гэж томьёолсон.  Бие даасан  сургалтын  хэлбэр  нь  танин  мэдэхүйн цогц чадваруудыг хамардаг учир  массыг хамарсан  сургалтаас илүү  үр дүнтэй.
·         Ангилалын  гуравдугаар  бүлэгт  багаар хийх ажлууд, ангийн  хэлэлцүүлэг, семинар, бүлгээр  хийдэг  төсөлт  ажлууд  зэрэг бүлгийн сургалтын  аргууд  багтдаг. Эдгээр  аргуудын  хувьд багш бүлгийн  сургалтын  зохион  байгуулагчаар ажиллаж,  суралцагчдын  сургалтын  нөхцлийг бүрдүүлж өгдөг.  Суралцагчид  сургалтандаа гол үүрэг гүйцэтгэж, бүлгийн хүрээнд  бие биенээсээ хамааралтай байдаг. Элтон  энэхүү бүлгийн  аргыг   сургалтын  бие биеэсээ хамаарсан хэлбэр гэж тодорхойлсон. Орчин  үеийн бүлгийн  сургалтын  арга нь 1960-аад  оны үед   Карл,  Рожер зэрэг  хүмүүсийн  хөгжүүлсэн  хүмүүнлэгийн сэтгэл  судлалд суурилсан  ба   түрүү үеийн програмчилсан  сургалтын  хэлбэрийг үндэслэсэн  зан  үйлийн сэтгэл  судлалаас нэлээд ялгаатай (Персивал, 1993). Үүнээс гадна  дээрх арга нь   танин  мэдэхүйн  дээд  түвшний чадварууд (анализ хийх, үнэлэлт өгөх, асуудал  шийдвэрлэх) болон  хувь хүний харилцааны  чадварыг хөгжүүлдэг. Сайн  багш  болохын  гуравдугаар  алхам нь сургалтын   олон төрлийн  аргуудтай  сайтар  танилцаж,  сургалтын дэвшүүлсэн зорилготой нийцүүлэн оновчтой арга зүйг сонгон  хэрэглэж сурах явдал юм. Дэлгэрэнгүй мэдээллийг (Selecting  Appropriate  Teaching/Learning     Methods    (Ellington   &   Earl,  1996c),  Facilitating  Student  Learning  (Ellington  &  Earl,  1999), A  Handbook for Teaching and Learning in Higher Education  (Fry et al., 1999b)  номуудаас уншина уу.
 Алтан дүрэм : 4 Үнэлгээний оновчтой  аргуудыг  хэрэглэх
Их, дээд  сургуулийн  багш  нарын  ажлын хамгийн гол хэсэг  нь суралцагчдынхаа гүйцэтгэлийг  бодитой үнэлэх явдал  билээ. Суралцагчид ангийн  хичээл, лекцээ тасалсан ч  тухайн  сургалтыг дүүргэсээр байгаа. Гэхдээ суралцагч  сургалтын үнэлгээний үйл  явцад оролцдоггүй (Браун &  Найт, 1994). Иймд их дээд  сургуулийн багш  нар үнэлгээг мэргэжлийн хүрээнд, үр дүнтэй боловсруулж, суралцагчдын  хувьд  хамгийн хэрэгтэй бөгөөд  бодитой болгохыг  хичээн  ажиллах  шаардлагатай. ( Рэйс &  Браун, 1998). Сургалтын үнэлгээ  нь сургалтын  үйл  явцын чухал  хэсэг. Үнэн хэрэгтээ  үнэлгээний аргууд  нь  сургалтын  аргуудтай нэлээд  төсөөтэй  зүйл. Оюутны үнэлгээ  нь дараах   таван  шинжийг багтаасан  байх хэрэгтэй ( Персивал, 1993).
1)      Yнэлгээ хүчинтэй  байх  ёстой. Тодруулбал  юуг  үнэлэх  гэж байгаа тэр  зүйлээ л  үнэлэх явдал. Жишээ нь уламжлалт  бичгийн шалгалтын  хувьд  суралцагчдын  бичих чадварыг үнэлэх гэх мэт.
2)      Үнэлгээ бодитой байх ёстой. Энэ нь сургалтын  янз бүрийн  нөхцлөөс үл хамааран ижил үр дүнг гардаг  байх мөн  ижил  ажлыг олон шалгагчаар  шалгуулахад  үр дүн нь адил байх явдал юм. Эссе  гэх  мэтийн  зарим ажлуудыг  үнэлэхэд  дүгнэх  хэлбэрээ оновчтой боловсруулж гаргахгүй бол  нэлээд   асуудал үүсдэг.
3)      Үнэлгээний үйл явц практикт нийцтэй байх. Тодруулбал үнэлгээний ажилд  зарцуулах цаг зав, ажиллах хүчин, шаардагдах  материал  төсөв  нь тухайн  байгууллагын  хувьд  хэрэгжүүлэх  боломжтой байх. Гэхдээ зарим  үед  үнэлгээний  практик байх шинж нь бусад чухал  шинжүүдийг  багтаах  боломжийг  хязгаарладаг байна.
4)       Үнэлгээ бүх суралцагчдын  хувьд  шудрага байх ёстой. Өөрөөр хэлбэл тэдний хязгаараас давсан  зүйлийг шалган үнэлэхгүй байх.
5)      Үнэлгээ  үр өгөөжтэй байх ёстой. Суралцагчдад үнэлгээний явцад  алдаанаасаа суралцах  боломжийг  нээн өгч, тэдний өсөлт дэвшлийн болон  алдаа онооны талаар  тогтмол  зөвлөгөө  өгөх. Багш  нар  үнэлгээг төлөвлөхөдөө үнэлгээний хэлбэрээс хамааран  дараах хэдэн  асуултыг өөртөө тавих хэрэгтэй.
·         Үнэлгээг ямар зорилгоор  хийж байгаа вэ ?  Энэхүү үнэлгээгээр  суралцагчдын ахицын   байдлыг  тодорхойлж, зөвлөгөө өгөх үү  эсвэл  тухайн  сурагчийн  юу эзэмшсэнийг шалгаж, дүнгийн  үнэлгээ өгөх  үү?
·          Тухайн үнэлгээг  хэн  зохион байгуулж явуулах  вэ?  Гадны байгууллагын  төлөөлөл үү аль эсвэл тухайн  хөтөлбөрийн багш нар өөрсдөө зохион байгуулах  уу?   Багш  нар суралцагчдыг  өөрөөр  нь үнэлүүлэх, мөн бие биенээр нь үнэлүүлэх замаар үнэлгээнд татан  оролцуулах нь үнэлгээг бодитой,  үр дүнтэй болгодог. Дээд  боловсролын  түвшинд суралцагчдыг  өөрөөр  нь үнэлүүлэх мөн бие биенээр нь үнэлүүлэх  хэлбэрийг түгээмэл  хэрэглэх хэрэгтэй.
·         Тухайн  үнэлгээ нь суралцагчдын  гүйцэтгэлийг хооронд нь  харьцуулах уу эсвэл бусад суралцагчдын  гүйцэтгэлтэй харьцуулахгүйгээр   тогтоосон  шалгуур  үзүүлэлтийн дагуу  суралцагч бүрийн   гүйцэтгэлийг ангилан  үнэлэх үү? Дээд  боловсролын  түвшинд ялангуяа чадавхид суурилсан  сургалтын  хувьд  суралцагч бүрийн  гүйцэтгэлийг ангилан  үнэлэх  нь  дээд боловсролын стандартад  нийцдэг.
·         Тухайн  үнэлгээ нь сургалтын  бүхий л  үед  тасралтгүй хийгдэх  үү эсвэл сургалтын  эцэст  нэг удаа зохион  явагдах  уу?  Өнөөдөр  их дээд   сургуулийн ихэнхи сургалтын хөтөлбөр үнэлгээний   байнгын  тасралтгүй хэв шинжийг тусгасан бөгөөд энэ нь суралцагчдад  шалгалтын  дарамт  мэдрэхийг  багасгаж, ахиц гаргахад  хэрэгтэй зөвлөгөөгөөр  хангадаг.  Үүнээс гадна та  бүхэн үнэлгээгээ ямар аргаар зохион байгуулахаа бодох хэрэгтэй.
Үнэлгээний олон төрлийн  аргуудыг дэвшүүлсэн  сургалтын  зорилготойгоо  нийцүүлэн   оновчтой сонгож хэрэглэх нь  зүйтэй. Жишээ нь   суралцагчид шинэ мэдлэг  ойлголт, зарчмуудыг  хэр эзэмшсэнийг бичгийн тест, богино хариулттай тестээр шалгаж болох бол  танин мэдэхүйн     дээд  түвшний чадварууд болох анализ хийх, үнэлэлт өгөх, асуудал  шийдвэрлэх  зэргийг нээлттэй хариулт бүхий асуулгаар  шалгах, эссе болон төсөлт ажлуудын хувьд  тухайн  даалгаврыг  гүйцэтгэж дуусах үе хүртэл шат дараалан  тогмол үнэлгээ өгөх  зэргээр үнэлгээгээ явуулах хэрэгтэй.  Эдгээрээс гадна практик тестүүд, нөхцлийн үнэлгээ, портфоль үнэлгээний аргуудыг  хэрэглэх  нь үр дүнтэй. Сайн  багш болох дөрөвдүгээр  алхам нь  сургалтын үнэлгээний   аргуудыг   сайтар  ойлгож,  тэдгээрийг  нөхцөл  байдалд  тохируулан оновчтой  сонгон хэрэглэх явдал юм. Дэлгэрэнгүй мэдээллийг (Assessing    Student  Performance  (Ellington  &  Earl,    1996d),  Assessing  Learners  in Higher Education  (Brown & Knight,  1994), Planning  and Implementing Assessment( Freeman  &  Lewis,  1998) нарын  номуудаас уншиж танилцаарай.
 Алтан  дүрэм 5 :  Сургалтын  үйл явцдаа  хяналт тавьж үнэлгээ  өгөх
            Сайн  багш нар сургалтын  үйл  ажиллагаандаа тогтмол  хяналт тавьж  үнэлгээ өгдөг. Дараах  3 замаар  хяналт тавих боломжтой.
  1. Шавь төвтэй сургалтын нөхцлийг бүрдүүлэхэд  чиглэн багш нар хувийн төлөвлөгөө гаргаж, заасан  хичээл  бүртээ анализ хийж, сайжруулах арга замыг эрэлхийлсэн тэмдэглэл тогтмол хөтлөх 
2.  Оюутнуудаас  санал авах, албан  бус хэлэлцүүлэг явуулах, ангийн  санал  асуулга явуулах, оюутны үнэлгээний үр  дүнд анализ  хийх 
             3.   Хамтран ажиллаж байгаа хүмүүсээсээ  зөвлөгөө авах ( хамт олноосоо хэн нэгнийг өөрийн  заадаг  хичээлдээ урьж суулган  тэдний  зөвлөгөөг авч, тусгах) 
1990  оны эхэн  үед Их  Британий  Роберт  Гордоны Их сургууль  багш нарынхаа ажлын  гүйцэтгэлийг  хянах, үнэлгээ өгөх зорилгоор  нарийвчилсан  схем  боловсруулан гаргасан. Энэхүү схем нь их сургуулийн  лекторуудад   өөрийн  үйл  ажиллагааны хөгжлийн  хөтөлбөрийг  төлөвлөхөд төдийгүй сургуулийн   сургалтын  чанарыг  дээшлүүлэхэд  дэмжлэг үзүүлэх зорилготой.
            Дэлгэрэнгүй мэдээллийг ( Developing   a  Personal Development Programme ( Ellington & Earl,  1997), Assessing   Your  Own    Teaching   Quality  (Brown    &   Race, 1995). The    Handbook  for    Teaching  and  Learning    in  Higher  Education  ( Fry  et al., 1999b)  номуудаас уншина уу.
Алтан дүрэм 6: Ажлынхаа гүйцэтгэлийг  сайжруулахын төлөө байнга чармайлт гаргах
   Сайн  багш нар  хийж   гүйцэтгэсэн ажилдаа хэзээ ч сэтгэл  ханадаггүй. Тэд ямагт  үйл  ажиллагаагаа сайжруулж боловсронгуй болгохыг  эрмэлздэг.  Хэрэгжүүлэх  нэг  арга зам нь  их, дээд сургууль, коллежийн  боловсон  хүчинг хөгжүүлэх  албанаас (UCoSDA, 1994a)    боловсруулан  гаргасан стандартуудтай танилцаж, өөрийн  ажлын  гүйцэтгэлээ энэхүү стандартын   дагуу үнэлэх,  тодруулбал  тодорхой  үзүүлэлт бүрийн  10 онооноос өөртөө оноо өгөх.  
Өөр нэг арга нь багш нар хувийн төлөвлөгөө гаргаж, заасан  хичээл  бүртээ анализ хийж,  дараагийн  удаа хэрхэн  сайжруулж болох  талаар саналаа дэвшүүлдэг. Роберт Гордоны Их сургуулиас  боловсруулсан багшийн ажлыг үнэлэх  схем нь уг аргыг  хэрэглэдэг (Элингтон  & Росс,  1997 ).  Энэхүү схем  нь их дээд сургуулийн багш нарын  ажлыг  үр дүнтэй  болгоход чиглэсэн тодорхой  шалгуур үзүүлэлт бүхий стандартад суурилсан.  Тус  стандартын  үзүүлэлтийн дагуу багш  нар өөрсдийн  ажлын  гүйцэтгэлээ 4 баллын зарчмаар үнэлдэг. Их дээд сургуулийн багш нарын  ажлын гүйцэтгэлийг  хэрхэн  системтэй, үр дүнтэй  үнэлж,  сайжруулах талаарх  зөвлөмжүүдийг (Developing   a Personal  Development    Programme  (Ellington   &  Earl,  1997),  A Handbook for    Teaching and Learning  in Higher Education  (Fry  et  al.,  1999b)  номуудаас  дэлгэрүүлж уншаарай.
 Алтан дүрэм 7: Цаг  үетэйгээ хөл нийлүүлэн  өөрийгөө хөгжүүлэх
Зохиогчоос өгсөн  сүүлийн  буюу 7 дахь зөвлөгөөгөөр сайн  багш  болохын тулд  цаг үеийнхээ мэдээллээс хоцрохгүй, мэргэжлийн чиглэлээрээ хийгдэж байгаа судалгаа, шинжилгээний ажлуудтай тогтмол танилцах тэдгээрийн үр дүнг өөрийн  боломж бололцоогоор сургах үйл ажиллагаандаа туршин хэрэглэхийг хичээх  хэрэгтэй.  Өөрөөр  хэлбэл, мэргэжлийнхээ хүрээнд  өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх явдал  хамгаас чухал. Мэргэжлийн холбогдолтой ном сэтгүүл, судалгааны ажлын материалуудыг тогтмол унших, эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл  хэлэлцүүлэх болон сонирхож оролцох, уншиж,  сонссон  мэдээллээ хамт олонтойгоо  хуваалцаж санал  солилцох цаашлаад  орчин  үеийн мэдээлэл технологийн  хэрэгсллийг сургалтанд ашиглах боломжуудыг судалж, хэрэглэх зэргээр багш та өөрийгөө хөгжүүлэх боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг (Developing  a Personal Development Programme  (Ellington  &   Earl,  1997), ‘Continuing  Professional Development’ in A  Handbook for  Teaching and Learning  in  Higher  Education (Partington,  1999)  уншина уу.   
            (Эх сурвалж Journal of Further and Higher Education,  Vol   24,  No.  3,  2003)


Wednesday, April 10, 2013

Их Сургуулийн үнэлэмж ба Профессорын бүтээмж


Өнөөдөр дэлхий даяар бүх их сургуулиуд оюутан эрж, хайж байна. Ялгаа нь олон улсад нэр хүндтэй Харвард, Йель зэрэг нь хамгийн шилдэг оюутныг, манай захын жижиг  сургууль ямар ч хамаагүй ширээ дүүргэх хэн нэгнийг л эрж байна. Шилдэг оюутныг, тодруулбал ирээдүйд манлайлагч болох оюутныг хайх үйл явц нь аль ч их сургуульд жилийн турш тасралтгүй үргэлжилдэг бөгөөд зөвхөн календарь төлөвлөгөөнд заагдсан элсэлтийн хугацааны үйл ажиллагаа биш юм. Өөрөөр хэлбэл, тухайн их сургуулийн багш нарын өдөр тутмын үйл ажиллагаа, хэвлэн нийтлүүлж буй бүтээлүүд, оролцож буй сургалт, судалгааны төслүүд, тэдгээрийн олон нийтэд хүртэх байдал нь бүгд ирээдүйн шилдгүүдийг өөртөө татах үйл явцын гол хэсэг байдаг. Ийм ч учраас их дээд сургуулиудыг эрэмбэлэх, үнэлэх олон янзын шалгуур, ангилал, систем байдаг бөгөөд жил бүр хамгийн шилдэг их сургуулиудын нэр, жагсаалт гарч нийтэд танилцуулагдаж байна.

Статистик судалгаанаас үзэхэд сүүлийн арван жилд дэлхийн хамгийн шилдэг 50 их дээд сургуулиудын жагсаалтанд багтсан сургуулиудын эзлэх байранд л бага зэрэг наана цаана өөрчлөлт орохоос нэрийн өөрчлөлт бараг орохгүй байна.  Тухайн салбарын эрдэмтэд, багш нарын эрдэм судлалын ажлын бүтээмж нь сургуулийнхаа таних тэмдэг байдаг тул эрдэм судлалын ажлын бүтээмжинд тулгуурласан үнэлгээний үр дүн нь тухайн сургуульд сайн оюутан элсүүлэх үндсэн нэрийн хуудас болдог.

Олон улсад түгээмэл хэрэглэгддэг их дээд сургуулиудыг эрэмбэлдэг ангиллын зэрэгцээ зарим улс орон өөрийн дээд боловсролын системийн онцлогт тулгуурлан их сургуулиудыг эрэмбэлдэг тогтолцоог мөн хэрэгжүүлдэг. Жишээ нь АНУ-д Салбарын эрдэмтдийн бүтээмжийн индекс (The Faculty Scholarly Productivity Index (FSPI)) буюу багш судлаачдын хөдөлмөрийн бүтээмжийн чанарын бенчмаркинг үнэлгээг ашиглан тус улсын  дээд боловсролын ангилалд (Carnegie Classification of Institutions of Higher Education) хамрагдах 350 орчим их дээд сургуулиудыг эрэмбэлэн жагсаадаг. Энэхүү үнэлгээ нь :
-          Хэвлэн нийтлүүлсэн бүтээл (мэргэжлийн хүрээний хэдэн ном сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл peer-reviewed сэтгүүлд хэвлүүлсэн),
-          Мэргэжлийн сэтгүүлд тухайн салбарын эрдэмтдийн бүтээлээс иш татсан байдал,
-          Үндэстний судалгааны сангаас (манайхаар бол Шинжлэх Ухааны сан) ямар өртөгтэй хэдэн төсөл авч хэрэгжүүлсэн,
-          Мэргэжлээрээ гаргасан амжилтын төлөө шагнал урамшуулал гэсэн 4 үндсэн шалгуураар хийгддэг.

FSPI –ийн гол онцлог нь их сургуулиудын эрдэмтдийн бүтээмжийг салбар тус бүрээр ялган үнэлдэг ба, тухайлбал 2010 онд АНУ-ын байгалийн ухааны чиглэлийн тэргүүлэх их сургуулиар Калифорнийн Берклейн Их Сургууль шалгарч, Станфордын Их сургууль 2-р байранд оржээ. Харин бизнесийн удирдлагын чиглэлийн эрдэмтдийнхээ бүтээмжээр Станфордын Их сургууль түрүүлж, Берклейн Их Сургууль удаах байранд орсон дүн байна.
Харахад энгийн статистик тооцоололд тургуурлан сургуулиудын багш судлаачдын эрдэм шинжилгээний бүтээлүүдийн тоогоор дугаарласан жагсаалт мэт боловч энэхүү эрэмбийн цаана тухайн сургуулийн хамгийн гол хүч, нөөц бололцоо, бусдыг татах чадвар оршдог. Ийм ч учраас ихэнх их сургуулиуд профессор багш сонгон шалгаруулахдаа маш хянамгай, нарийн шалгуураар үнэлдэг ба тодорхой хугацаат гэрээний үндсэн дээр ажиллуулдаг.
Их сургуулийн профессор цол нь хэдийгээр мэргэжлийн хэргэм зэрэг мөн боловч гол утга нь эрдэм судлалын ажлын бүтээмж, эрх мэдэл, мөнгө байдаг. Өөрөөр хэлбэл тухайн мэргэжлийн профессорын хүрээнд бүхэл бүтэн судалгааны баг ажилладаг ба ихэнх тохиолдолд баг удирдагч профессорын мэргэжлийн ур чадвараар багийн цар хүрээ хэмжигддэг болохоос манайх шиг “тэнцүү хуваарилалтын зарчимд” тулгуурладаггүй байна. Профессор цолны эрх мэдэл нь өөрийн багт хэдэн судлаач, магистрант, докторант ажиллуулж байна вэ гэдгээр тодорхойлогдох ба энэхүү эрх мэдэл нь түүний дээр дурьдсан Шинжлэх ухааны сан болон бусад санхүүжүүлэгч эх үүсвэрээс хүртэж чадах судалгааны ажлын санхүүжилт буюу мөнгөний хэмжээгээр тодорхойлогддог байна. Энэ бүхний үр дүнд профессор бол их сургуулийн хамгийн үнэт капитал болдог. Иймд их сургуулийн багш нарын чадамжийг доктор (PhD) зэрэгтэй багш нарын тоогоор хэмжихээс илүүтэй судалгааны ажлын цар хүрээ, тоо(чанар)-гоор буюу эрдэм судлалын ажлын бүтээмжээр хэмждэг болж байна. Ph.D бол суралцаад хүртэж болдог боловсролын зэрэг ба хамгаалахаасаа илүүтэй хамгаалснаасаа хойш юу бүтээж байна вэ гэдэг нь чухал ажээ. Үүнийг сүүлийн үед их сургуулиудын рейтинг тогтоосон байдлаас харж болно (Worldbank guide: Ranking top universities in the World).

Их сургуулийг багш эрдэмтдийн судалгааны ажлын бүтээмжээр нь үнэлдэг өөр нэг аргачлал нь Webometric юм. 2007 оны 11-р сард болсон Дээд Боловсролын Олон Улсын Шинжээчдийн III чуулга уулзалт дээр  оролцогчид  нь “Шанхайн“ Олон Улсын Академийн Нийгэмлэг /ARWU-500/ болон “Таймс” /OS-THES-200/ -ийн  Webometric-ийн аргачлалд тулгуурлан  Их сургуулийн рейтингийг профессорын бүтээмжээр  нь тогтоох тухай асуудлыг гаргаж тавьсан байдаг. Мөн Испаний эрдэм шинжилгээний Дээд зєвлєлийн харьяа Баримт Мэдээллийн Үндэсний Тєв Лабораторийн дэргэдэх Cybermetric лаборатори нь 2004 оноос дэлхийн улс орнуудын их, дээд сургуулиудыг вэб-сайтаар нь эрэмбэлэх рейтингийг  боловсруулж эхэлжээ. Тус лаборатори нь их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг шинжлэх ухааны тvвшин, профессор (эрдэмтэд)-ын бүтээмжээр нь төрөлжүүлэн ангилдаг ба энэхvv рейтингийн vндсэн зорилго нь их дээд сургуулиудын vйл ажиллагааны рейтингийг тогтоож нийтлэх тєдий биш, аль болох олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх, цаг бүр шинэчлэгддэг байх, веб ашиглагчдыг шинжлэх ухааны єргєн хvрээтэй мэдээллээр цаг ямагт хангаж байх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нийтэлж байх зэргийг дэмжих явдал юм..

Рейтинг боловсруулагчдын үзэж байгаагаар  веб-индикаторууд нь профессорын баг, судлаачдын vйл ажиллагааны дvр зургийг нэлээд єргєн цар хvрээтэй тусгаж байгаагаас гадна хамгийн гол нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгvvлд судлаачдын бvтээлээс иш татаж  нийтлэгдэж, индексжсэн байдлыг голлон анхаардаг байна.

Их дээд сургуулиудын рейтингийг вэб-сайтаар эрэмбэлэхэд 4 vзvvлэлтийг ашигладаг. Үvнд:


1.    Size (S)-Google, Yahoo, Live Search ба  Exalead гэсэн хайлтын системvvдийн хуудасны тоо.  Их сургуулийн албан ёсны сайтын хуудасны тоон үзүүлэлтийн утга нь хайлтын систем бvрийн тусламжтайгаар бvх судалгааны их сургуулиудаа нэг дээр ачаалж vvний дараа 4 хайлтын системийн vзvvлэлтvvдийг нэгтгэнэ. S vзvvлэлтийн  рейтингийн нийлбэр утга нь 0,25-тай тэнцvv байна.
2.    Visibility (V)-Yahoo Search, Live Search ба Exalead гэсэн хайлтын системvvдээр дамжуулж их сургуулийн сайтын хуудсан дээрх  гадаадын нэр хүнд бүхий сэтгvvлд иш татсан зүйлийн тоо. Хайлтын систем бүрийн үзүүлэлтийн утгыг 1 дээр ачаалж үүнийхээ дараа 3 хайлтын системийн үзүүлэлтээ нэгтгэнэ. V үзүүлэлтийн рейтингийн нийлбэр утга нь 0,5-тай тэнцүү байна.

3.    Rich Files (R)-файлын сайтан дээр тавигдсан эрдэм шинжилгээний ажлын үр дүнгийн нийтлэлийн тоо. Файлын тоог 4 форматаар бүртгэн тооцож гаргана. Vvнд: Adobe  Acrobat, Adobe Postscript, Microsoft  Word, Microsoft PowerPoint. Файлыг төрөл бүрээр нь тусгай үзүүлэлт болгон тооцож, эдгээрийн утгыг 1 дээр ачаалан, үүнийхээ дараа файлын төрөл тус бүрийн үзvvлэлтүүдийг нэгтгэнэ. R-үзүүлэлтийн рейтингийн нэгдсэн утга нь 0,125-тай тэнцvv байна

4.    Scholar (Sc)-их сургуулийн сайтан дээрх 1 шинжлэх ухааны бүтээл туурвилд иш татсан зүйлийн тоо болон хуудасны тоо. Их сургуулийн сайтанд тавигдсан иш татсан зүйл бусад материалыг бүртгэн тооцож, 1 дээр ачаална. Sc-үзүүлэлтийн  рейтингийн эцсийн утга нь 0,125-тай тэнцүү байна. Үзүүлэлт бүрээр тусад нь зиндаа тогтоож, дараах томьёогоор коэффициетийг олж  их сургуулиудаа зэрэглэлд оруулна.

Q = 4V+2S+1R+1ScQ- их сургуулийн рейтингийн vзvvлэлтийн vр дvнгийн утга
V-Visibility-сайтын хуудсан дээр гадаадын чухал нэр хvнд бvхий бvтээлд иш татсан тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл
S-SIZE-хайлтын системийн сайтын хуудасны тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл

R-Rich Files-сайтанд тавигдсан “үнэт” файлын тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл

Sc-Scholar-тусгай зориулалтын хайлтын машины хангалтын их, дээд сургуулийн сайт дээрх иш татсан хуудасны тоогоор илэрхийлэгдэх их сургуулийн зэрэглэл.

Их сургуулийн рейтингийн үзүүлэлтийн үр дүнгийн утга Q нь бага байх тусам тухайн их сургуулийн рейтингээр эзлэх байр нь єндєр байх болно. Хэрвээ  Q-гийн vзvvлэлтийн утга нь хэд хэдэн сургуулийн хувьд тэнцүү байвал эдгээр сургуулиуд нь нэг зэрэглэлд багтана.

Рейтинг боловсруулах тооцоолж болох 4 үзүүлэлтийн эзлэх хувийн жинг дараах байдлаар тодорхойлдог (Хүснэгт.1)


Хүснэгт.1. Их сургуулиудын рейтингийг вэб-сайтаар үнэлэх үзүүлэлтүүд
Код
Эзлэх хувийн жин
Үзүүлэлтүүд
Size
25%
Хайлтын системийн сайтын хуудасны тоо
Visibility
50%
Сайтын хуудсан дээр гадаадын нэр бүхий бүтээлд ишлэл авагдсан байдал
Rich files
12.5%
сайтанд тавигдсан “үнэт” файлын тоо
Scholar
12.5%
тусгай зориулалтын хайлтын машины хангалтын их дээд сургуулийн сайт дээрх иш татсан хуудасны тоо
Энэ аргачлалыг ашиглан их сургуулиуд өөрийн салбар тус бүрийн профессор багш нарын рейтинг тогтоож болох юм.

Европын ус судлалын сургалт, судалгааны гол төвийн нэг болох Нидерландын UNESCO-IHE оюутан бүр шагшин ярилцдаг нэг профессор байх. Хуучин нь шинэ оюутнууддаа түүний тухай иймэрхүү байдлаар мэдээлнэ: “Uhlenbrook is soo super”. Яагаад супер байна вэ гэхээр профессор Улренброок болон түүний багийн ажлын үр дүнд жилд хамгийн багадаа 20 эрдэм шинжилгээний өгүүлэл ус судлал, ус зүй, усны инжернэчлэл, усны нөөцийн менежментийн peer-reviewed сэтгүүлд хэвлэгдэн гардаг. Европын Холбооны Усны Нэгдсэн удирдлагын хүрээнд хэрэгжүүлж буй төслийн нэлээд хувь нь уг профессорын удирдлагаар IHE дээр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл профессор Улренброок нь тус институтын эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн нэг үндсэн урсгалыг удирдагч нь байдаг тул ийнхүү оюутнууд нь шагшин магтаж, түүний багт орж ажиллахаар тэмүүлдэг. Европын Гео Шинжлэх Ухааны Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтын Усны Нөөцийн нэгдсэн менежментийн салбар хуралдааныг тэр л удирдах ба хуралдаанд оролцогчдын дунд иймэрхүү яриа гарна: Хэн хурлыг удирдах бол? мэдээж Улренброок, ямар? Яагаав IHE-ийн.

Ойрын өдрүүдэд Нобелийн шагналтуудын тодруулж, салбар салбарын алдартнууд ээлж дараагаараа тодорч байна. Тухайлбал, Нобелийн эдийн засгийн шагналыг  Харвардын их сургуулийн  Элвин Рот (Alvin E. Roth)  ба  Калифорнийн их сургуулийн  Ллойд Шепли (Lloyd Shapley) нарт олгохоор зарлажээ. Нобелийн он оны шагналтнуудын жагсаалтыг харж байхад шинжлэх ухааны чиглэлээр хүртэгсэд нь бүгд аль нэг их сургууль, судалгааны хүрээлэн, лабораторид харьяалалтай байна. Чөлөөт уран бүтээлч, бие даасан улс төрч гэж байхаас, чөлөөт буюу бие даасан профессор гэж дуулддаггүй.

Дашрамд дурьдахад 2007 онд АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан Аль Гор Нобелийн Энхтайваны шагналыг НҮБ-ийн дэргэдэх Уур амьсгалын Өөрчлөлттэй Тэмцэх Засгийн газар хоорондын байгууллагатай  (IPCC) хамтран хүртсэн юм. IPCC-ээс эрхлэн гаргаж буй даян дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн илтгэлүүд нь ихэнх улс оронд дэлхийн дулаарлын талаарх асуудлыг зохицуулах үндсэн сурах бичиг, удирдамж болон хэрэглэгддэг. Өмнө өгүүлсэн IHE-ийн усны засаглалын профессор Гупта нь IPCC-ийн хууль эрхзүйн илтгэлүүдийн тэргүүлэх автор бөгөөд “Усны засаглал, эрхзүйн” судалгааны ертөнцөд бас л “супер гигант”. Өнөөдөр IHE-д, маргааш Амстердамд, долоо хоногийн дараа Копенгагенд, дараагийн долоо хоногт нь Делийн Их сургуульд лекцээ уншин дуржигнуулж, хажуугаар нь Олон улсын түвшний уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн бүхий л конвенц, конференцид оролцож, удирдан зохицуулах тэрээр хаана ч  явсан бас л  “IHE-ийн Гупта”.

Эндээс юу харагдаж байна вэ гэхээр чадварлаг профессорын нэр нь харьяалагдах их сургууль, институтынхаа хамтаар эрдэм судлалын зах зээл дээр “брэнд” болдог байна. IHE-ийн Улренброок, Йелийн Мендэлсон,  Харвардын Элвин зэргээр.

Т.Навчаа, АЖМ-ийн тэнхмийн эрхлэгч, доктор, дэд профессор

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More